Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.09.06) Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Цар тахал дэлхийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааны томоохон сорилт болж байгаа энэ цаг үөд манай хоёр улс харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулахад хамтран ажилласаар ирснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр Монгол Улс нь түүх, соёлын эртний харилцаатай БНЭУ-ыг “гуравдагч хөрш” гэж тодорхойлж, бүс нутаг дахь гол түнш хэмээн үзэн, тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг бөгөөд хоёр талын төдийгүй олон улсын байгууллага, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгийг уулзалтын үеэр тэмдэглэв. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төв”-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэв. Түүнчлэн хоёр улсын Стратөгийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд БНЭУ-ын Дотоод хэргийн сайдын хувиар 2018 онд Монгол Улсад айлчлал хийж байсныг дурдаж, дахин айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ, “2021 онд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын БНЭУ-д хийсэн айлчлал нь манай хоёр орны харилцаа, парламентын хамтын ажиллагаа, ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэт зүйл, үзэл санааг улам бататгасан хэрэг болсон. Бид Монгол Улсыг манай оюун санааны хөрш гэж үздэг. Өнгөрсөн зургадугаар сард Бурхан багшийн ариун шүтээн /“ринсрэл”/-ийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд залсан нь манай хоёр орны энэхүү агуу холбоог тодотгож байна. Бид Монгол Улсыг манай стратегийн гуравдагч хөрш гэж үздэг бөгөөд үүнд онцгой ач холбогдол өгдөг” гэлээ.
Талууд парламент болон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.