БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд болон тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой болсон талаар өнгөрсөн сард Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлсэн. Гэвч тус улс руу үйлдэх нислэгийн тоо хангалтгүй байгаагийн улмаас эрэлт нэмэгдэж, билет борлуулахад хүндрэл тулгараад буй. Тиймээс Гадаад харилцааны яамнаас Монгол, Хятадын хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлж, долоо хоногт зургаан удаа нислэг үйлдэх асуудлыг Хятадын талтай тохиролцсон юм. Улмаар хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгч компаниуд холбогдох зөвшөөрлөө харилцан авч, хуваариа тохиролцох чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг холбогдох яамнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.
Улмаар энэ сарын 8-ны өдрөөс эхлэн хоёр улсын хооронд долоо хоногт зургаан удаагийн нислэг үйлдэнэ гэх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Бид энэ талаар ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Батбаяраас тодрууллаа. Тэрээр “Есдүгээр сарын 8-наас нислэг үйлдэж эхэлнэ гэдэг нь яг тодорхой болоогүй байна. Гэхдээ энэ сард багтаж нислэг үйлдэж эхэлнэ гэж тооцоолж байгаа. Ямартай ч хятадын талаас гурван удаа, монголын талаас гурван удаа нислэг үйлдэхээр талууд тохиролцоод байгаа. Нэг давтамж нь Хөх хот руу нисэхээр бэлтгэл хангаж байна. Өвөр Монголын талаас зөвшөөрөл авчихсан байгаа. Одоо Хөх хотын зөвшөөрөл хүлээгдэж байна. Аль чиглэлээс нисэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч эхний ээлжид Монголд ажиллаж байгаа хятад ажилчдыг болон БНХАУ-д суралцдаг оюутнуудыг тээвэрлэх төлөвлөгөөтэй байна. Нислэгийг МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа гэсэн гурван авиа компани үйлдэнэ” гэв.
Уг асуудалтай холбоотой зарим мэдээллийг өнгөрсөн долоо хоногт МИАТ ХК-ийн захирал Б.Мөнхтамир өгсөн юм. Тэрээр “Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд БНХАУ хилээ нээгээгүй. Монгол Улсын ИНЕГ, Хятад Улсын ИНЕГ хоорондын хэлэлцээрээр дөрвөн долоо хоногтоо нэг удаа буюу сард нэг удаа нислэг хийх зөвшөөрөл өгсөн. Ингэхдээ олон тооны шаардлага тавьсан. Улаанбаатар Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж байгаа. Энэ чиглэлд долоо, наймдугаар сард нэг нэг удаа нислэг үйлдсэн. Есдүгээр сарын 6-нд энэ чиглэлд нэг удаа нисэхээр байна. Эрэлт маш их байна. Билет борлуулахад маш төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Энэ нислэгийн бүртгэл наймдугаар сарын 15-нд эхэлж, 15 минутын дотор дүүрсэн. Нэг нислэгийн зардал 2.2 сая төгрөг байна. Цаашид оюутнуудад 30 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр ажиллаж байна. Дахин хэлье. Улаанбаатараас Бээжин чиглэлд нислэг үйлдэхгүй байгаа. Нэг сайн мэдээ дуулгахад, наймдугаар сарын 13-ны өдөр ИНЕГ-аас БНХАУ-ын ИНЕГ-т нислэгтийн тоо нэмэх хүсэлт өгсөн. Өчигдөр хариу ирж есдүгээр сарын 8-аас долоо хоногийн пүрэв, ням гарагуудад нислэг хийж эхэлнэ” гэсэн юм.