Хятад-Тайванийн маргаан өрнөж буй энэ үед Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Монгол, Японд даваа гаргаас чухал ач холбогдол бүхий айлчлал хийх гэж байна. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, Р.Сингх Зүүн Азийн орнуудтай стратегийн түншлэлээ бэхжүүлэхээр Монгол Улсад есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Энэтхэгийн Батлан хамгаалахын сайдын түвшинд Монголд хийж буй анхны айлчлал болох бөгөөд хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
Монгол Улсад айлчлах үеэрээ Р.Сингх Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзана. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, ардчилсан орнуудын аль аль нь бүс нутагтаа энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэж байна. Энэтхэг, Монгол нь батлан хамгаалахын салбар чухал тулгуур болдог стратегийн түншлэлтэй орнууд юм. Уулзалтын үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар, мөн бүс нутгийн хийгээд дэлхий дахины нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.
Энэтхэг, Монгол улсууд сүүлийн жилүүдэд улам нягт харилцаатай болсон
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Энэтхэг, Монгол Улс улам нягт харилцаатай болсон. Хоёр орны арми хамтарсан сургууль хийж, хоёр орны хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаатай холбоотойгоор үе үе уулзалт зохион байгуулж байгаа юм. Мөн Энэтхэгийн нэгэн адил Монгол нь Хятадтай урт хугацааны турш хилийн маргаантай байсан ч өнөө үед тус хоёр улс маргаантай асуудлуудаа эцэслэн шийдэж чадсан юм.
С.Жайшанкарын хамтаар “2+2” хэлбэрийн уулзалтад оролцоно
Холбогдох мэдэгдэлд дурдсанаар, Р.Сингх Монгол Улсад айлчилсныхаа дараа Япон улсад есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд айлчилна. Ийнхүү айлчлах хугацаандаа тэрбээр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкарын хамтаар “2+2” хэлбэрийн уулзалтад оролцоно. Тодруулбал, Энэтхэг, Японы Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайд нар уулзана. Энэтхэгийн Батлан хамгаалах, Гадаад хэргийн сайд нарын Японд хийх айлчлал нь Хятад улс Тайваньтай маргаантай байгаа энэ үед чухал ач холбогдолтой болж байгаа бөгөөд Тайванийн асуудалтай холбоотойгоор Хятад, Японд хурцадмал байдал өрнөж байгаа аж.
MONTSAME