МХЕГ-ын даргын “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар, аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шинжилгээ хийх тухай” удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлд чиглэлийн 30 улсын /ахлах/ байцаагч лабораторийн шинжилгээтэй хяналтыг хийжээ. Эдгээрээс стандартын шаардлага хангаагүй дээж илрээгүй гэв.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид есөн дүүргийн 31 байршилд болж буй үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос дөрвөн аж ахуйн нэгж, 49 иргэний нийт 44 нэрийн 366 төмс, хүнсний ногооноос дээж авчээ.
Ургамлын өвчин хортон, хог ургамал, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлуулахаар итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна.
Шинжилгээнд хамруулсан 44 нэрийн 366 дээжийн 36.3 хувь нь буюу 16 нэрийн 32 дээж импортын, 63.7 хувь буюу 28 нэрийн 334 дээж эх орны хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ байна.
Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд ургамлын хорио цээр, чанар аюулгүй байдлыг тодорхойлох хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна гэж МХЕГ-аас мэдээлэв.