Онолын физикч Стивен Хокингийн тэргэнцэр удахгүй дуудлага худалдаанд орох гэж байгаа тухай мэдээлэл дэлхий дахинаа цацагдсан билээ. Тэгвэл алдартнуудын энэ мэт хачин эд зүйлс үе үе дуудлага худалдаанд орж, үнэтэй зарагддаг байна.
Тухайлбал, Уинстон Черчиллийн дутуу татаад үлдээсэн сигар 20 мянган доллараар, 68 жилийн өмнөх хэрчим бялуу 670 доллараар зарагдсан гээд оддын хачин содон эд зүйлс дуудлага худалдаагаар үнэд хүрч байсан олон тохиолдол бий.
Уинстон Черчиллийн тамхины иш
Хүмүүс шүтэж биширдэг хүмүүстэйгээ ойртохын тулд авахгүй, хийхгүй зүйл гэж үгүй. Саяхан АНУ-ын дуудлага худалдаанд Уинстон Черчиллийн татсан тамхины иш 12,2 мянган долларын үнэд хүрчээ. RR Auction сайтын мэдээлснээр Их Британийн Ерөнхий сайд 1947 оны тавдугаар сарын 11-нд Парисын Ле Бурж нисэх онгоцны буудалд нэгэн навчин тамхийг дутуу үлдээгээд орхижээ. Хаванагийн La Corona хэмээх 152 миллиметр хэмжээтэй уг сигараас 101 миллиметртэй тэнцэх хэмжээний тамхи, алдарт маркийн нэр бүхий улаан-алтлаг шошго л үлджээ.
Уг тамхитай хамт онгоцны хаалганы дэргэд гартаа тамхи барьсан Черчилийн гэрэл зургийг дагалдуулсан байна. Уг зургийг алдарт улстөрч эхнэртэйгээ Британийн Нортхолт агаарын цэргийн баазаас Парис хүртэл явж, буцан ниссэн онгоцны нисгэгч авсан аж. Тэрбээр Ерөнхий сайдынхаа татаад дутуу хаясан тамхины үлдэгдлийг хадгалсан нь ийнхүү үнэд хүрчээ. Уг тамхийг Флорида мужийн, нэрээ нууцалсан нэгэн иргэн авсан байна.
Авраам Линкольны үс
Дутуу хаясан тамхи ч бас дуудлага худалдаанд зарагдсан хамгийн тэнэг барааны нэг биш ээ. 2015 онд АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны туг үс дуудлага худалдаагаар зарагдсан түүхтэй. Энэ бараа Техасын Даллас хотод 25 мянган долларын үнэд хүрчээ.
Уг туг үсийг АНУ-ын Эрүүлийг хамгаалах албаны ерөнхий эмч Жозеф К.Барнс Ерөнхийлөгчийг жүжигчин Жон Бутад буудуулсны дараахан хайчлан авсан аж. Туг үснээс гадна Линкольны үхэлтэй холбоотой 300 гаруй эд зүйлс дуудлага худалдаанд тавигдсан байна. Эдгээр нь нийт 800 мянга гаруй долларын үнэд хүрчээ.
Хатан хаан II Элизабет, Филипп хунтайж нарын хуримын бялууны үлдэгдэл
Хатан хаан II Элизабет, Филипп хунтайж нарын хуримаас үлдсэн хэрчим бялуу хуримын ёслолоос хойш 68 жилийн дараа дуудлага худалдаанд зарагджээ. Уг бялууг хааны гэр бүлийн тэмдэг, арга хэмжээ болсон газрыг заасан өвөрмөц савлагаагаар улам бодит болгосон байна. Уг барааг Зүүн Сассексийн нэгэн хатагтай дуудлага худалдаанд оруулсан аж. Түүний эцэг энэхүү хуримын ёслолд оролцож байсан гэнэ. Жимсээр чимэглэсэн уг бялуу 500 фунтийн үнэд хүрчээ.
Дуудлага худалдааны шинжээчдийн мэдэгдсэнээр хэдийгээр уг бялуу хийгдээд бараг зуун болох гэж байгаа ч хэлбэр, чанараа огт алдаагүй гэжээ. Учир нь үүнийг архиар сайтар шингээсэн гэнэ.
Бялууг нэрээ нууцалсан Лос-Анжелесийн нэгэн эрхэм худалдан авсан байна. Тэрбээр бялууг идсэн үү, эсвэл хадгалсан уу гэдэг нь мөн л нууц хэвээр үлдлээ.
Леди Гагагийн наадаг хумс
Дэлхий даяар дуудлага худалдаанд эрэлттэй байдаг зүйлсийн нэг бол “оддын эд зүйлс”. Тухайлбал, Леди Гагагийн наадаг хумс дуудлага худалдаанд 8,5 мянган фунтээр зарагджээ. Акрилан хар, алтлаг сувстай энэ хумс хэзээ нэгэн цагт дуучны зүүн гарын чигчий хурууг чимж байсан гэдэг. Үүнийг 2012 оны 09 дүгээр сард Дублин дэх тайзны нэгэн ажилтан концертын дараахан олжээ.
Худалдаанд энэ олз үнэхээр үнэн болохыг баталсан хоёр гэрэл зургийг танилцуулсан байна. Эхнийх нь гоёмсог хумстайгаар үнэртнээ сурталчилж байгаа зураг бол хоёр дахь нь нэг хумсгүй зураг байх аж.
Мэрилин Монрогийн рентген зураг
Лос-Анжелесийн дуудлага худалдаанд Мэрилин Монрогийн гурван рентген зураг 45 мянган доллараар зарагджээ. Эдгээр зургийг 1954 оны 11 дүгээр сард Флорида мужийн нэгэн эмнэлэгт авахуулсан аж. Худалдааг зохион байгуулагчид цээжний зургийг ердөө л 3000 долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байсан ч үүнээс илүү үнэд хүрсэн аж.
Жон Ленноны шүд
Жон Ленноны ганц шүд Монрогийн рентген зургаас тав дахин үнэд хүрчээ. Канадын шүдний эмч Майкл Зук түүнийг 19,5 мянган фунтээр худалдан авч, түүнтэй хамт улс орныхоо шүдний эмнэлгүүд, коллежоор аялсан байна. Өдгөө энэхүү олдвор түүний ажлын өрөөнд хадгалаастай бус. Тэрбээр ирээдүйд шүдний эдээс ДНК-ийн дээж авч, дуучныг клоны аргаар хувилж болно гэж найдаж байна.
Скарлетт Йоханссоны нусны алчуур
Өмнөх эд зүйлсийг гуравдагч этгээдээр дамжуулан дуудлага худалдаанд оруулж байсан бол энэ удаагийн үзмэрийг эзэн нь өөрөө оруулж иржээ.
Холливудын нэрт жүжигчин Скарлетт Йоханссон eBay интернэт дуудлага худалдаагаар хоёр удаа хэрэглэсэн цаасан нусны алчуураа заржээ. Гэтэл хэрэглэсэн алчуур худалдан авагчдыг үргээсэнгүй, харин ч нэг эрхэм 5300 доллараар худалдан авсан байна. Эндээс олсон орлогыг жүжигчин бүсгүй өлсгөлөнтэй тэмцэхэд зарцуулжээ.
Элвис Преслигийн устай аяга
13 жилийн өмнө интернэт дуудлага худалдаанд гурван халбага ус зарагдсан түүхтэй. Үүнийг Элвис Пресли 1977 онд болсон сүүлчийнхээ тоглолтын үеэр ууж амжаагүй орхисон байдаг. Уг хачирхалтай барааг дуучны фэн Уэйд Жонс дуудлага худалдаанд тавьжээ.
Тэрбээр рок-н-роллын хааныг тоглолтынхоо үеэр түр завсарлага авчихаад тайз руу гарах үед үлдэгдлийг нь аваад, гэртээ хөлдөөжээ. Харин 2004 оны 12 дугаар сард дуудлага худалдаанд гаргасан байна. Баримт болгож, энэ үеийн тоглолтын хэд хэдэн зургийг тавьсан байна. Ингээд гурван халбага ус 500 долларт хүрчээ.
“Бранжелина”-гийн уушгинаас гарсан агаар
2005 онд Анжелина Жоли, Брэд Питт нарын амьсгалсан гэх агаартай литрийн сав дуудлага худалдаагаар 530 доллараар гарчээ. Дуудлага худалдаанд Калифорнид “Ноён, хатагтай Смит” киноны зураг авалтын үеэр цуглуулсан агаар гэж мэдээлжээ. Уг савыг хэдхэн минут онгойлгож, “оддын” уушгинаас гарсан агаараар дүүргээд, дахиж хэзээ ч онгойлгоогүй гэнэ.
Жастин Биберийн үс
Канадын поп дуучин Жастин Биберийн толгойд байсан хэдхэн ширхэг үс eBay онлайн дуудлага худалдаанд 40 мянга 668 мянган доллараар зарагджээ. Дуудлага худалдааг хөтлөгч Эллен Деженерес танилцуулсан байна. Дуучин эр гарын үсэг, хэдэн ширхэг үстэй хайрцгийг “Ellen” ток шоуны үеэр гардуулсан аж.
Харин Биберийн үсийг авсан хүний нэр тодорхойгүй байна. Мөнгийг орон гэргүй амьтдыг асрах сайн үйлсэд зориулжээ.
Орчуулсан Б.ЦЭЛМЭГ