Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтран баталсан 2022 оны “Баян-Өлгий аймагт хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу тус аймагт өнгөрсөн долдугаар сард шалгалт хийжээ.
Шалгалтад Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй нэр бүхий 19 эмийн санд, хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий 12 эмч хамрагдсан байна.
Тухайн шалгалт нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст дэмжлэгт хяналт хийх, тус аймгийн гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олголтын байдал, хөнгөлөлттэй эмийн жор бичиж байгаа эмч нарын үйл ажиллагаанд хяналт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх, даатгалын санхүүжилтийг хууль бусаар авч завших, хуурамч баримт бичиг ашиглах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилготой.
Шалгалтаар:
- хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нар амбулаторийн тусламж үйлчилгээ авсан иргэний хурууны хээг ашиглан олон удаагийн үйлдлээр хуурамч жор бичсэн,
- эмийн сангийн ажилчид нь ойр тойрны танил тал, хамаарал бүхий иргэдийн регистрийн дугаарыг ашиглан нэр бүхий эмч нараар хуурамч жор бичүүлсэн,
- үзүүлээгүй үйлчилгээний зардлыг улсад их хэмжээний хохирол учруулсан,
- эмчийн бичсэн жорд хамаарах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байхгүй өөр эмээр орлуулан авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчид олгосон зэрэг ноцтой зөрчлүүд илэрчээ.
Энэ хүрээнд ЭМДЕГ-аас:
- Татварын ерөнхий газарт хөнгөлөлттэй жороор олгох эмээс бусад худалдан борлуулсан эмийг E-баримтад бүртгэдэггүй зөрчлийн тухай,
- Нийгмийн даатгалын ерөнхий газарт Эмийн сангийн эрхлэгч болон жор баригч нар нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг тухай,
- Аж ахуйн нэгжид ажиллаж буй захирал, менежер нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зэрэг зөрчлийн талаарх албан тоотыг тус тус хүргүүлсэн байна.
Хяналт шалгалтаар зөрчил гаргасан 17 эмийн сан, хөнгөлөлттэй эмийн жор бичдэг 12 эмчийн мэдээллийг Баян-Өлгий аймгийн Эрүүгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч, эмийн сангуудын гэрээг “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 3.3.5-т “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд тухайн эмийн сангийн асуудал шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд” түдгэлзүүлнэ гэсэн заалтыг үндэслэн түдгэлзүүлжээ.
Энэхүү асуудлыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна.
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар