Хичээлийн шинэ жил эхэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол шинжлэх ухааны сайд нар өчигдөр Баянзүрх дүүргийн “Нарны үрс” цэцэрлэгтэй танилцсан. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуурамч дипломтой багш нарын асуудлыг ирэх долоо хоногт зарлахаар болсноо хэллээ.
Тэрбээр “Нийт 35 мянган багш нарын дипломын шалгалтыг хийж дуусч байна. Ирэх долоо хоногт мэдээлэл хийж ЕБС-д ажиллаж буй хуурамч дипломтой багш нарыг зарлах гэж байгаа. Хоёрдугаарт, их, дээд сургуульд багшилж буй эсвэл докторын зэрэг хамгаалахдаа бусдын бүтээлийг хуулбарлаж хийсэн хүмүүсийг “бусдын бүтээлийг хулгайлах” буюу плагиаризмын шалгалтад хамруулж, үнэхээр магистр, докторын диплом нь хуурамч байх юм бол орон даяар зарлах ажлыг эхлүүлж байна” гэлээ.