Өнөөдөр Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 88 жилийн ойн өдөр. 1930-аад оны үеэс “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт “ярьж” эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм. Харин 1934 оны 9-р сарын нэгний өдөр “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэсэн дуу хоолой улс орон даяар цацагдсанаар Монгол Улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ.
Монголын радиогийн 88 жилийн түүх Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой. Энэхүү 88 жилийн хугацаанд Монголын радио улс орныг хамарсан үйл явдлуудын оролцогч, үлгэрлэгч, манлайлагч, уриалан дуудагч болж ирсэн байдаг.
Тухайлбал, Монголын радио 1935 онд анхны зайны сургалт явуулж, 1939 онд дуулалт жүжиг сонсогчдод хүргэж, 1981 онд монгол хүн анх сансарт нисэхэд сансар, дэлхий хоёрын хоорондын харилцаа холбоог иргэдэд шууд дамжуулж байсан арвин түүхтэй.
Эдүгээ 88 жилийн түүхтэй МҮОНР нь ОНРТ-ийн тухай Монгол улсын хуулийн үзэл санаа, зарчимд нийцүүлсэн хөтөлбөрийн бодлогоо боловсруулж, хүн амын олонход зориулсан программыг газар нутгийн дийлэнх хэсэгт тасралтгүй түгээж, анх байгуулагдсан цагаасаа үндэсний мэдээллийн хэрэгслийн үүргийг биелүүлсээр ирсэн юм.
Одоо МҮОНР нь Монголын радиогийн нэгдүгээр суваг, Монголын дуу хоолой, Пи3 радио гэсэн гурван сувагтайгаар сонсогч олонд мэдээлэл, хөтөлбөрүүдээ хүргэж байна.
Монголын радиогийн он цагийн түүхэн хэлхээснээс…
1930 он. МАХН-ын Төв Хороо, Хянан байцаах төв комиссын хамтарсан хурлаас “… агаарын мэдээ байгуулах явдал болбоос маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн” гэж заагаад ардын хувьсгалын 10 жилийн ойн баярын өмнө заавал багтаан эхлүүлэх ба түүнд олон нийтийн хүчийг татан оролцуулахыг худалдаа, аж үйлдвэрийн яаманд даалгажээ.
1930 он. Радиогийн тоног төхөөрөмж, хүлээн авагч, чанга яригч зэргийг ЗХУ-аас авч соёлын төв газруудад хэрэглэх болжээ.
1931 он. Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийн материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
1931 он. Эрхүү хотноо 12 хүнийг хоёр жилийн хугацаагаар явуулан сургаж үндэсний радио техникчдийн эхний ээлжийг бэлтгэв.
1931-5-1. Засгийн газрын барилга, ардын цэнгэлдэх хүрээлэн, “Ленин” клубийн үүд зэрэг газар радио цагаан хоолой байрлуулж оройн 19 цагаас тусгай программаар монгол, орос, хятад хэл дээр аялгуу бүхий дуу хөгжим, утга бүхий илтгэлүүдийг хийж өнгөрөөсөн нь өргөн олон түмэнд зориулж хийсэн манай анхны томоохон нэвтрүүлгийн нэгэн байв.
1931-6-20. Ардын хувьсгалын 10 жилийн ойн өмнөхөн энэ өдрөөс эхлээд Улаанбаатар хотод долоо хоног тутам хоёр удаа радио нэвтрүүлэг явуулах болжээ.
1931-7-11. Буянт-Ухаа дахь наадмын талбайд анх удаа радио нэвтрүүлэг зохион байгуулжээ.
1933-2-9. БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд БНМАУ-д радио дэлгэрүүлэн байгуулах тухай гэрээ байгуулав.
1933-1934 он. Цэргийн холбоонд 33 хүн сургаж радио, техникийн үндэсний мэргэжилтэн бэлтгэжээ.
1934 оны 8 дугаар сар: ЗХУ-ын тусламжаар байгуулагдсан радио станцуудыг БНМАУ-ын Засгийн газрын комисс хүлээн авчээ.
1934-9-1. Монгол Улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлжээ. Энэ өдрийн 11 цагаас БНМАУ-ын Ерөнхий сайд Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны яамны сайд Мэнд, Гэгээрүүлэх яамны сайд Дамбийням болон Лосол, Нанзад, Өлзийбат, Сосорбарам, СССР-ийн элчин сайд зэрэг нөхөд радио нэвтрүүлэх станцын газар ирж сонирхон үзэж, Улаанбаатар хот 13 аймагт радиогоор баярын үгийг Мэндээс эхлэн гүйцэтгэсэн ба 13 цагт буцацгаасан тухай радио нэвтрүүлгийн техникийн ажиллагааг бүртгэн тэмдэглэдэг жижүүрийн тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээсэн байна.
“Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хорооны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Ж.Батаа нэвтрүүлжээ. Манай анхны эмэгтэй нэвтрүүлэгч Л.Рагчаа 1935 оны нэгдүгээр сард радиод ажиллаж эхэлсэн байна.
Өнөөдөр түүхт ойгоо тэмдэглэж байгаа Монголын радиогийн хамт олонд болон тус радиогийн нийт сонсогчдодоо баярын мэнд хүргэе.
MNB.mn сайтын хамт олон