Сагсан бөмбөг сонирхогч, спортын мэдээ нийтлэгч Б.Хишигттэй ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе ээ.
-Сайн, сайн байна байцгаана уу?, Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Болор-Эрдэнэ Овогтой Хишигт гэдэг. МУИС-д сэтгүүлч мэргэжлээр суралцдаг. Одоо гуравдугаар түвшний оюутан. Энэ мэргэжлийг сонгосон нь миний сонирхол, хоббитой шууд холбоотой. Бага наснаасаа эхэлж спортод дуртай болж, арав гаруй жил сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн спортыг шимтэн үзэж байна. Сэтгүүлч мэргэжлээрээ төгсөөд ирээдүйд спортын сэтгүүлчээр ажиллах зорилготой. Миний хувьд хөдөө орон нутагт өсөж торнисон.
-Та сагсан бөмбөгийн ямар баг болон хувь тоглогчийг дэмждэг вэ?
-Америкийн Нэгдсэн Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг буюу NBA-г шимтэн үзээд 10-аад жил болж байна. Багадаа Лос Анжелес Лэйкерс багийг дэмжиж, Коби Брайнтийг шүтэн биширдэг байлаа.
Одоо бол яг дэмжээд байдаг хувь тоглогч байхгүй. Ерөнхий бүх тоглогчдыг дэмждэг гэж хэлж болно. Кобигийн үхэл надад маш хүндээр тусаж байсан, тухайн үедээ итгэж өгөхгүй л байсан. Одоо ч итгэдэггүй.
-Хэзээнээс эхлэн спортын мэдээллийг олон нийттэй хуваалцаж эхэлсэн бэ?
-Миний хувьд сагсан бөмбөгийн мэдээллээ анх 2018 оны зун өөрийн хувь хаяг нь дээрээ бичиж эхэлсэн. Тухайн үед сонирхлоороо үе тэнгийн залуусаа дагаад бичдэг байлаа. Эхний хэдэн сарын хугацаанд тууштай явж, чамлахааргүй олон уншигч дагагчтай болж байсан.
Тэгээд л уншигчдынхаа урмын үгсээр услагдаж төдийгөөс өдий хүртэл өдөр бүр мэдээ бичсээр ирсэн. Одоо мэдээ бичих гэдэг миний амьдралын чухал нэг хэсэг болсон.
– “NBA TALK” нэвтрүүлэгийн багийхантай хэрхэн холбогдсон бэ?
-2019 оны зун сагсан бөмбөгийн аналист, тайлбарлагч Идэр-Ууган ахтай фэйсбүүк найз болж байсан. Тухайн үед Идэрээ ах миний мэдээлэл дээр лайк дарж дэмждэг байсан.
Мөн Идэрээ ахаас гадна Бажи ах бас дэмжиж зөвөлгөө өгдөг байсныг санаж байна. Нэг өдөр NBA TALK нэвтрүүлэгийн гишүүд цуг байхдаа надтай холбогдож байсан. Тэгээд л би гэдэг хүн чинь мөрөөдлөө биелүүлж байлаа. Энэ мөч бол миний амьдралын хамгийн гоё дурсамжуудын нэг.
Би хэзээ ч мартахгүй. Бараг хоёр жил гаруй хугацаанд нэвтрүүлэгт асуулт болон статистик мэдээ бэлдэж өгсөн. Багаасаа тайлбарыг нь үзэж, шүтэж өссөн Ялалт, Идэр-Ууган Баясаа, Бажи болон Тенне ах нартай хамтран ажиллана гэдэг миний хувьд үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай байсан. Энэ хүмүүст маш их баярлаж , талархаж явдаг даа.
-Сагсан бөмбөгөөс өөр спорт сонирхдог уу?
-Сагсан бөмбөгөөс гадна хөлбөмбөг их үздэг. Ерөнхийдөө бол сагснаас илүү хөлбөмбөг үзэж кайф авдаг. Цаашдаа спортын сэтгүүлчээр сурах зорилготой болохоор бүх төрлийн спортыг сонирхож үзэх шаардлагатай.
-Шууд эфирээр тоглолт тайлбарлах талаар бодож байсан уу?
-Мэдээж боддог байсан. Одоо ч бодож байгаа. Гэхдээ надад олон дутагдал бий. Өөрийнхөө дутагдалтай талаа нөхөх гэж өдөр бүр л хичээж байгаа. Авьяас чадварыг хичээл зүтгэл л даван гарна гэдэг үгийг баримталж явдаг.
-“NBA TALK”-ын хамт олны зүгээс өөрт чинь ямар үнэтэй зөвөлгөө өгч байна вэ?
-Миний хувьд хамгийн үнэтэй зөвлөгөө нь гэвэл тус хүмүүсийн хүрээлэлд орно гэдэг маань цаагуураа маш том зөвлөгөө болсон юм болов уу гэж боддог.
-Спортын сэтгүүлч мэргэжлээрээ ажиллах мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байгаа вэ?
-Хувь хаяг нь дээрээ мэдээгээ тогтмол бичээд мөн дадлага хийж, аль болох өөрийгөө олон талаас нээхийг хичээж байгаа.
Сэтгүүлч гэх мэргэжил харагдаж байгаа шигээ мэргэжил биш шүү дээ. Байнга л шинийг эрэлхийлж, хувьсан өөрчлөгдөж байхыг шаарддаг мэргэжил юм уу гэж би хувьдаа боддог.
Олон олон алдартай сэтгүүлчид төрөн гарсан МУИС-ийн сэтгүүлзүйн танхимын оюутан гэдгээрээ бахархдаг. Хүн сурч хөгжихөд хүрээлэл маш чухал гэж хувьдаа бодож явдаг
Б.Хүслэн