-Ирэх есдүгээр сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байна. Есдүгээр сарын гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүсэх төлөвтэй байна. Баруун болоод зүүн аймгуудын хойд хэсгээр буюу Увсын ихэнх, Завхан аймгийн хойд, Хэнтий болон Дорнод аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа. Харин төвийн аймгууд болох Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ Төв, Орхон, Дархан-Уул зэрэг аймгуудаар сарын эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй.
Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Баруун аймгуудын өмнөд хэсэг болох Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгуудын өмнөд нутгуудаар хур тунадас бага байна. Зүүн аймгууд болох Сүхбаатар, Дорнод аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар