Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд Нийгмийг төлөөлөн асууж буйгаа тодотгосон юм. Тэрбээр “Бараг нэг жилийн өмнө танаас асууж байсан Та парламентын ардчиллыг бэхжүүлэхэд дорвитой өөрчлөлт хийх үү, сонгодог парламентыг дэмжих үү гэж асууж байсан. Та зоригтой хийнэ гэж байсан. Өнөөдөр гашуун ч ирээдүйд хэрэгтэй зоримог алхмыг хийнэ гэж байсан. Өнөөдөр дахиад асуумаар байна. Энэ үгэндээ байна уу.
Парламентын гишүүд ийм олуулаа давхар дээлтэй боллоо гэж бодоход ЗГ-ын гишүүд нь УИХ-ын гишүүдэд тулгаад байх юм биш биз дээ. Энэ тэнцвэрийг яаж хадгалах юм. Төсөвгүй, ажлын албагүй сайд ямар ажлаа хийдэг юм бэ. Та өөрөө төрийн хяналтын тухай хууль оруулж ирсэн. Та Засгийн газрын зардлаа хэмнэнэ гэсэн. Гэтэл үүнийгээ хэрхэн зохицуулах юм бэ. Нийгэм асуугаад байна. АН Засгийн газарт чинь орж ирэх юм уу. ХҮНам бол орохгүй гэдгээ хэлчихсэн” гэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Миний улс төрийн байр суурь өөрчлөгдөөгүй. Сонгодог парламентыг дэмждэг хэвээр байгаа. Гишүүдийн тоо нэмэгдэх нь зардал гэж хараад байдаг. Гэтэл үгүй. Хэмнэх зүйл байна. Хэмнэхгүй зүйл ч байна.
Данхайсан төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цомхон болгох хэрэгтэй. Тусгаар тогтнол, асуудлаа шийдэх тухайлсан бүтцийг бид хэмнэж болохгүй. Сонгодог парламентын засаглал руу үе шаттай шилжих алхмууд хийгдсээр байх болно. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх ёстой.
Ингэж байж улс төрийн олон намууд УИХ-д орж ирнэ ” гэлээ.