Сүхбаатар аймгийн 13 суманд сурагчдын дотуур байр бий. Гэвч жилдээ байр болгон үндсэн хүчин чадлаасаа бага хүүхдийг хүлээн авдаг. Харин эсрэгээрээ гадуур, айлд суух хүүхдийн тоо их байна. Тиймээс дотуур байрны багш ажилчдад бүрэн итгэж, хүүхдээ даатгах нь хамгийн зөв сонголт гэдгийг албаныхан хэлж байна.
Тодруулбал, 2021-2022 оны хичээлийн жилд Сүхбаатар аймгийн хэмжээнд 869 хүүхэд дотуур байранд, 2728 хүүхэд айлд амьдарчээ. Эдгээрээс 1797 нь өвөө эмээгийндээ, төрсөн ах эгчийндээ 406, садан төрлийндөө 430, танил айлындаа 62, түрээсийн байранд 33 хүүхэд амьдарсан байна.
Баруун-Урт суманд ганцхан “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байр гэж бий. Энд дөрвөн сургуулийн сурагчид амьдардаг. 240 хүүхдийн хүчин чадалтай тус байранд жилд 200 орчим хүүхэд амьдардаг. Дотуур байр дөрвөн багштай бөгөөд нэг багш 50 орчим хүүхдийг хариуцан ажилладаг байна. Хүн ам олонтой сумд 12 жилийн сургуультай болж байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд сумдаас ирж байранд амьдрах хүүхдүүдийн тоо цөөрчээ. Дотуур байрныхан хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болсон тухай “Боловсрол өргөө” дотуур байрны Нийгмийн ажилтан А.Уянга ярилаа.
Сүхбаатар аймгийн бүх сум дотуур байртай. Өнгөрсөн жил гэхэд Наран, Уулбаян суманд шинэ байр ашиглалтад орсон ч хүүхдийн дүүргэлт бага. Гэхдээ гадуур буюу айлд суух хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь эцэг эхчүүд хүүхдүүдээ дотуур байранд өгөх сонирхол бага байдагтай холбоотой гэлээ. Боловсрол өргөө дотуур байрнаас эхлээд бүх байр хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, стандартын орчин нөхцөл, хүүхэд хөгжих боломжийг ч бүрдүүлсэн байдаг. Хүүхдүүд дотуур байранд амьдарснаар элдэв гэмт хэрэг, зөрчилд өртөх нь бага байхаас гадна хараа хяналт сайтай, өөрөө бие дааж сурах давуу талтай учир гэрээсээ хол хүүхдүүдийг дотуур байранд амьдруулах, дотуур байрныхаа багш ажилчдад бүрэн итгэж, хүүхдээ даатгах нь хамгийн зөв сонголт гэдгийг албаныхан хэлж байна.
MONTSAME