Европ тив энэ зуны турш аагим халуун байжээ.
Гэтэл ийм үзэгдэл 2035 он гэхэд хэвийн үзэгдэл болно гэсэн таагүй таамаглалыг Их Британийн цаг уурчид гаргажээ.
55 жилийн өмнө радараас алга болж, Швейцарын Альпын нуруунд 3000 метрийн өндөрт, “Чөтгөрийн газар” хэмээх Ле Дьяблерийн мөстлөгт унасан онгоцны сэгийг хагас зууны дараа мөч нь хайлж, ил болгосон. “Мөсөн уулс арилж үгүй болно гэж ярьдаг.
2090 он гэхэд 10-хан хувь нь л үлдэнэ” гэж уулын хөтөч Доминик Неллен ярьж байна. Уул нуруудад уур амьсгалын өөрчлөлт хамгийн ихээр мэдрэгдэж байна.
Нутгийн хөтчүүд өдгөө Ромын эзэнт гүрний үеэс мөсөөр хучигдсан ойн замыг ч олдог болжээ. Швейцарын мөсөн уулс хайлснаар усны хомсдол үүснэ гэж ярьдаг аж.
“Энэ бол Европ дахины асуудал. Бидэнд энэ ус их хэрэгтэй. Европ даяар ус үгүй болж байна” хэмээн уулс шинжээч Стефан Гафнер өгүүлжээ.
Манай гарагийн хамгийн том арал бол Гренланд арал энэ зун бараг өдөр бүр тэрбум гаруй тонн мөсөө алдсан гэхэд болно. Тэр ч байтугай жуулчид ч нэмэгдэж, мянга мянган хүн удахгүй алга болж мэдэх мөсөн бүрхүүлтэй эх газрыг үзжээ.
Энэ бүгдэд баярлаж бахдах зүйл байхгүй гэдгийг эрдэмтэд хэлж байна. Энэ зун Европ, Хойд Америк даяар нүүрлэсэн аагим халуун 10 жилийн дараа энгийн л зун болон хувирна. XXI зууны сүүлч гэхэд уур амьсгал илүү дулаарахыг математик загварчлал гаргажээ.
“Б1 гэж нэрлэдэг хувилбараар бол XXI зууны сүүлчээр температур түүхэн хэвийн үетэй харьцуулахад 1,8 градусаар нэмэгдэнэ. Хамгийн аймшигтай буюу А2 хувилбараар температур Цельсийн 4 градусаар нэмэгдэнэ. 1,5-4 градусын хооронд уур амьсгал дулаарах төлөвтэй” хэмээн цаг уурч, “Метео” төвийн ерөнхий мэргэжилтэн, Москвагийн улсын их сургуулийн Газар зүйн факультетийн Цаг агаар, уур амьсгал судлалын тэнхимийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Михаил Локощенко мэдэгджээ.
Дэлхийн дулаарал хүмүүст ямар аюултай вэ гэдэг нь Пакистаны үйл явдлаас харагдана. Цэргийнхэн болон аврагчид хэдэн мянган хүнийг үерийн бүсээс аварч байгаа хэдий ч үргэлжлэн орсон аадар борооны улмаас тус улсад 900 гаруй хүн амь насаа алдаж, 170 мянга гаруй байшин барилга сүйрчээ. Европт л гэхэд ер бусын их хуурайшилттай байна. Ой шатаж, гол мөрөн ширгэжээ. Усны хамгийн том судал болох Дунай мөрөн өнгөрсөн долоо хоногт 80 жилийн өмнө живсэн нацистын Германы хөлөг онгоцыг ил болгосон билээ. Цаг уурын энэ мэт аюултай үзэгдлийг бууруулж, дэлхийн дулаарлыг зогсоохын тулд агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулахаа нэн даруй багасгахыг олон улсын байгууллагууд уриалж буй аж.
Эх сурвалж: Mir24.tv
1 comment
Айлл амьдрах шиг новш бхгүй