Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр нийслэлийн өмчийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц болон эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын талаар холбогдох албаныхны мэдээллийг сонслоо. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 3770 ортой 26 цэцэрлэг 34.3 тэрбум төгрөг, 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийг 67.4 тэрбум төгрөгөөр барьж байгаа аж. Мөн 51 сургууль цэцэрлэгийн засварын ажил хийж байгаа юм байна.
Үүнээс 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орно. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусах юм байна. Ирэх жил 2305 ортой 13 цэцэрлэг, 320 суудал, нэг спорт заал бүхий хоёр сургуулийн барилга, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Боловсролын салбарт хийгдэж байгаа их засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгах хэрэгтэй. Энэ онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг шахаж ирэх сарын 1-ний дотор дуусга. Гурван жил дамнан баригдаж байгаа ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгаж, сурагчдын хүлээн авах орчныг бүрдүүлэх хэрэгтэй хэмээн хэлсэн байна.