Соёлын сайд Ч.Номин өчигдөр Соёлын яамны харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, салбарын төсвийн шинэчлэл, гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан санхүүжилт, цалин хангамж, урамшууллын шинэ систем хэрэгжих болсон талаар мэдээлэл өгөв.
Энэ талаар Соёлын сайдаас тодрууллаа.
-Соёлын салбарт гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан нэмэлт санхүүжилтийн тогтолцоо нэвтэрч байгаа гэж ойлголоо. Өнөөдрийн байдлаар ер нь энэ салбарт хэчнээн хүн ажиллаж, хэдий хэмжээний цалин, хангамж авч байгаа вэ?
-Монгол Улсын соёлын салбар гэж ярих юм бол бид 75 мянга орчим хүний талаар ярих болно. Дундаж цалин нь 920 гаруй мянган төгрөг байдаг. Харин Соёлын яамны харьяа Улаанбаатар болон 21 аймагт байгаа Соёл, урлагийн газар, соёлын төв, театр, номын сан гээд улсын хэмжээнд 400 гаруй байгууллагад 7000 гаруй хүн ажиллаж байгаа. Соёлын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг бусад салбар болох эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн боловсрол, шинжлэх ухааны салбаруудын цалингийн доод хэмжээтэй харьцуулбал 12 хувиар бага тогтоогдсон байсан.
Тиймээс ажлын үр дүнгийн хэрээр цалин, урамшууллыг нь өсгөх, нөгөө талдаа соёлын үйлчилгээний чанар хүртээмж дээшлэх байдлаар бодлогоо тодорхойлсон.
Соёлын яам байгуулагдсанаар хуучин орон нутгийн төсвөөс санхүүждэг байсан театр, сумдын соёлын төв, номын сангийн төсөв яаман дээрээ нэгтгэгдэж, 21 аймагт соёл, урлагийн газар байгуулагдаж, Төрөөс соёлын талаар баримтлах бодлого нэг цонхоор хэрэгжих болсон. Мөн салбарын хэмжээнд цалингийн системийг нэг дор харж, соёлын ажилтанд очиж байгаа цалин урамшууллыг хэрхэн нэмэгдүүлж болох вэ гэдгийг бүрэн байдлаар зураглах боломжтой бүрдсэн. Дээрээс нь бид өнгөрсөн хугацаанд 21 аймгаа тойрч, газар дээр нь ажиллахад цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудал байнга сөхөгдөж байсан. Тэгэхээс ч аргагүй нөхцөлд ажиллаж байгаа. Олгогдож байгаа төсөв нь үндсэн цалин, урсгал зардал, үйл ажиллагааны зардлаас хэтэрдэггүй.
-Тэгэхээр цалин урамшууллыг яаж өсгөх гэж байгаа вэ?
-Засгийн газар төрийн албаны шинэтгэлийг төсвийн шинэчлэлтэй хамтатган үр дүн гүйцэтгэлд суурилсан төлөвлөлт, хэрэгжилтийг бий болгохоор зорьж байгаа. Энэ хүрээнд соёлын салбарынхаа төсвийн шинэчлэлийн бодлогыг хийж, харьяа байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм.
Шударга хуваарилалтын тогтолцоог бий болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварыг ашиглан, дөрвөн тулгуурт гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан нэмэлт санхүүжилтийн системийг нэвтрүүлж байгаа.
Тухайн байгууллага хэдий хэмжээнд соёлын үйлчилгээний чанарыг сайжруулж, иргэдийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлсэн байна, төдий хэмжээгээр нэмэлт санхүүжилт авна гэсэн үг. Энэ бол орон нутаг дахь соёлын байгууллагууд тогтмол үйл ажиллагаатай болох хөшүүрэг.
Байгууллагын санхүүгийн зарцуулалт нь үр ашигтай, дотоод үйл ажиллагаа нь жигд, хүний нөөц буюу алба хаагчдынхаа ур чадварыг дээшлүүлсэн, эцэст нь тухайн орон нутгийнхаа хэчнээн хүнд соёлын үйлчилгээ хүргэж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлсэн бэ гэх үндсэн дөрвөн шалгуураар нэмэлт санхүүжилт авах хувь хэмжээ нь тодорхойлогдоно.
Жишээ нь, үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан бол тухайн байгууллага жилийн төсвийнхөө 15-20 хувьтай тэнцэхүйц нэмэлт санхүүжилтийг Соёлын яамнаас авах бололцоотой болж байгаа юм.
-Багагүй хэмжээний урамшуулал байна. Бүгд цалингийн нэмэгдэл, урамшуулалд олгогдоно гэсэн үг үү. Харьяа байгууллагууд эсвэл өөрсдөө захиран зарцуулах уу?
-Дотор нь хувьчлаад өгчихсөн байгаа. Өмнө нь уран бүтээлийн зардал гэж бараг л олгодоггүй байсан бол үр дүнд суурилсан урамшууллын системийг нэвтрүүлснээр суурь зардал, уран бүтээлийн зардал авах боломжтой болж байгаа. Мэдээж, албан хаагчдын нийгмийн баталгаанд, цалин хөлсний нэмэгдэлд тухайн орон нутгийн соёлын байгууллагууд зарцуулна. Нийт олгогдсон нэмэлт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг олгоно гэж заасан байгаа.
Гүйцэтгэлийн үнэлгээг бүрэн хангаж, нэмэлт санхүүжилтийн 30 хувийг нь нийгмийн баталгаа, цалин хөлсөнд зарцуулна гэж өнөөгийн Соёлын яамны төсвийн хүрээнд тооцож үзвэл 421 байгууллагын 4000 гаруй албан хаагчид тус бүр урамшуулал хэлбэрээр сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал, дэмжлэг авах боломжтой гэж тооцсон.
Гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурласан бодлого цаашид соёлын байгууллага бүх талын үзүүлэлтээ тэгш хангаж, сайжруулж хөгжих сэдэл, урам болох байх гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Соёлын яам