УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэрбээр “АН-ын бүлэг есөн гишүүнтэйгээр хуралдаад олонхын саналаар О.Цогтгэрэлийг даргаар сонголоо. Дараагийн процесс бол УИХ-ын даргад өргөн барина. Ингээд чуулганы хуралдаанд уншиж танилцуулснаар бүлгийн шинэ даргатай болно” гэв.
Харин бүлгийн зарим гишүүний саналаар огцруулаад буй Д.Ганбат үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт хандсан байна.
Уг бичигт Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргыг томилох талаар хууль бус үйлдэл гарч, энэ нь Монгол Улсын хууль тогтоомжийг дараах байдлаар зөрчсөн байгааг дурьджээ. Тухайлбал,
Нэр бүхий зарим гишүүд хуралдаж уг асуудлаар шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12-ыг зөрчиж бүлгийн нийт гишүүдийг оролцуулахгүйгээр хуралдсан байна. Хуралд миний бие Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар оролцоогүй, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж гадаад улсад албан томилолттой байгаа болно. Ингэснээрээ Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрхтэй эдгээр гишүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12–т заасан “нийт гишүүдийн олонхийн саналаар шийдэх” зохицуулалтыг шууд зөрчсөн байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2022 оны 06 дугаар сарын 02-ны “өдөр баталсан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Бүлгийн дэд даргыг томилж, чөлөөлөх асуудлыг бүлгийн даргатай, бүлгийн даргыг томилж, чөлөөлөхөд ҮБХ-ны дарга, тэргүүлэгчидтэй тус тус зөвшилцөн АН-ын дарга шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл нэр бүхий гишүүд хуралдахдаа дүрмийн энэ заалтыг зөрчиж улмаар Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.13-т заасан “Нам, эвслийн бүлгийн хуралдааны журмыг тэдгээрийн дүрмээр зохицуулна” гэснийг мөн зөрчжээ.
Түүнчлэн нэр бүхий гишүүдийн удирдлага болгож буй Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.12 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоохоор иргэний мэдээллийн дагуу Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц дээр ажиллагаа явагдаж эхэлснийг Танд мэдэгдье. Дээрх хууль бус үйл ажиллагаа, маргаантай нөхцөл байдлыг харгалзан үзэж хууль дээдлэх зарчмын дагуу уг асуудалд хандахыг Танаас хүсье гэсэн байна.