Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн ажлын хэсгийн дарга БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллав.
“Бүрдэл майнинг” ХХК, “Платинум ланд” ХХК, “Хамтын эх булаг” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн нөхөн сэргээлтийн ажлын явцтай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг чиглэл өгч ажиллав. “Хамтын эх булаг” ХХК-н нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй байгааг ажлын хэсэг газар дээр нь танилцаж, хугацаатай үүрэг өгсөн юм.
“Платинум ланд” ХХК 2016 оноос эхлэн уурхайн талбайд мод үржүүлгийн газар байгуулан хүлэмжинд зургаан төрлийн модны үрсэлгээ бойжуулж, биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай тарьц, суулгацаа бүрдүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэж байна.
Булган аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн дүйцүүлэн хамгааллын чиглэлээр хийх нөхөн сэргээлтийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, үр дүнтэй зохион байгуулалт хийж ажиллахыг Булган аймгийн БОАЖГ-ын газрын дарга А.Гантөмөрт үүрэг болголоо.