Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Халид Шарифиг хүлээн авч уулзав. НҮБ-ын Хүн амын сангийн 2017-2022 онд хэрэгжүүлж буй Улс орныг дэмжих VI хөтөлбөрийн хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангасан амьдрах ухаан, бэлгийн цогц боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлогын орчинг сайжруулах чиглэлээр хамтран ажилласан.
Энэ хүрээнд Өмнөговь аймагт өнгөрсөн 5 жилийн хугацаанд “Эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Хөтөлбөрийг улам өргөжүүлж, боловсролын салбарт гарсан шинэлэг арга аргачлал, шилдэг туршлагыг орон нутагт хэрэгжүүлэх боломж байгааг сайд хэллээ.
НҮБ-ын Хүн амын сангаас 2023-2027 онд хэрэгжүүлэх Улс орныг дэмжих VII хөтөлбөрийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
– ЕБС, МСҮТ-ийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийн чанар, эрүүл мэндийн хичээлийн багшийн чадавхыг сайжруулах,
– Сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтны бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэгийг нэмэгдүүлэх,
– Сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулж, таслан зогсоох чиглэлээр цаашид өргөн хүрээтэй хамтран ажиллах,
– ЕБС төдийгүй цэцэрлэгийн наснаас эхлэн нөхөн үржихүй, бэлгийн боловсрол болон жендэрийн ойлголтын талаарх мэдлэгийг насанд нь тохирсон хөтөлбөрөөр оруулах,
– Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх, ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдийн дунд Жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголтыг хөгжүүлэх аянг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.