Эрүүл мэндийн сайд С.Энхболд яамны холбогдох төлөөллийн хамтаар наймдугаар сарын 19-нд Говь-Алтай аймагт ажиллалаа.
Тэрээр Аймгийн нэгдсэн эмнэлэгт байгуулсан “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтэд оролцож, Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий мэс заслын тоног төхөөрөмж, автомашиныг тус эмнэлгийн удирдлагад гардуулсан юм. Иргэдийн эрүүл мэндийг дэмжих энэхүү төв ашиглалтад орсноор орон даяар өрнөж буй эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд иргэд хамрагдахад илүү тохилог орчин нөхцөл бүрдэж, өрөө тасалгааны хүртээмж нэмэгдэж байгааг мөн үеэр онцоллоо.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд 2300 гаруй иргэн хамрагдсаны 40 хувийг 45-60 насныхан эзлэж байна. Үзлэгт хамрагдсан иргэдэд бамбай болон хоол боловсруулах замын эмгэг зонхилон тохиолдож байгаа бөгөөд хавдрын тохиолдол 4 бүртгэгдэж, лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэн, эмчилгээндээ хамрагджээ.
Иймд иргэд та бүхэн ялангуяа 18-45 насныхан маань эрүүл мэндийн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох албанаас уриалсан юм.