Соёлын сайд Ч.Номин өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа болон шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нарыг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын ХХААБ нь 1945 оны аравдугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан бөгөөд энэ өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг юм. Энэ хүрээнд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан ноён Винод Ахужа Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Музейтэй хамтран монголчуудын хоол хүнсний соёл, уламжлалын талаар үзэсгэлэн гаргах хүсэлтээ илэрхийлэв.
Мөн тэрбээр хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлт хүнсээр зохистой хооллох талаарх асуудалд эмэгтэйчүүдийн манлайлал, анхаарлыг нэмэгдүүлэх зорилготой талаар Соёлын сайдтай ярилцаж, санал солилцлоо.
Соёлын сайд Ч.Номин ноён Винод Ахужад хандан олон нэр төрлийн аюулгүй, чанартай хүнсээр хүн бүрийг хүртээмжтэй, баталгаатай хангах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монголын Үндэсний Музейтэй хамтран зохион байгуулах үзэсгэлэнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.