Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ. Энэ үеэр багш боловсон хүчний хүрэлцээний талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “2022 оны зургаадугаар сард дутагдалтай багшийн судалгааг гаргасан. Улсын хэмжээнд 2962 багш дутагдана гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан.
Үүний 1398 нь нийслэл хотод дутагдах талаарх тооцоо судалгаа гарсан байдаг. Харин эсрэгээрээ боловсрол судлал болон багш мэргэжлээр 3500 орчим оюутан залуус төгсөж, ажлын байранд гарч байгаа талаар судалгаа бий. Гэхдээ төгсөж буй оюутнуудыг дийлэнх хувь нь Улаанбаатар, төв суурин газруудад ажиллах сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэгдсэн боловсон хүчин хөдөө орон нутаг руу явахгүй байгаа учраас орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлэх, цалин хөлс, дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой юм байна.
Ингэснээр залуу багш нарыг зөв тархаан байршуулах боломжтой. Түүнчлэн гэнэтийн шилжилт хөдөлгөөнүүд нөлөөлж байна. Жишээ нь, Улаанбаатар хот руу гэнэт нүүж ирдэг. Улмаар орон нутагт нь ажлын байр сулардаг асуудал бий. Мөн цэцэрлэг, сургуулийн удирдлага солигдоход багш нар дагаад хөдөлгөөнд ордог. Одоогийн сургалт, төлөвлөгөөгөөр явбал 2030 онд Монгол Улсын ЕБС-ийн багшийн тоо ойролцоогоор 45 мянгад хүрнэ. Тэгэхээр багш бэлтгэх бодлоготой хөтөлбөр төлөвлөгөөг хэрхэн уялдуулах бодлого давхар яригдах ёстой” гэв.
Мөн тэрээр сурах бичгийн талаар “Бага ангийн сурах бичгийн түгээлт эхэлсэн. Нийслэлийн дүүргүүд болон аймгуудад сурах бичгийг түгээж байгаа бөгөөд наймдугаар сарын 25-н гэхэд алслагдсан сумдад сурах бичиг очсон байхаар төлөвлөсөн. Дунд, ахлах ангийн нөхөн хангалтын сурах бичгүүд есдүгээр сарын 15 гэхэд сургуулиудад очсон байна.
Энэ жилийн хувьд түрээсийн, нөхөн хангалтын сурах бичгүүдийг системд шилжүүлж байгаа. Ингэснээр хаана ямар сурах бичиг дутагдах вэ гэдэг нь системээр шийдэгдэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн нь дутуу сурах бичиг захиалчхаад сар хүлээдэг асуудал энэ жил бүрэн шийдэгдэж байгаа. 760000 хүүхдийн гар дээр байх сурах бичиг бүр кодтой тул хэн, ямар хугацаанд ашиглагдаж байгаа нь шууд харагдана. Иймд сурах бичиг дутагддаг асуудал арилна” гэлээ.