Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд ОХУ-ын Буриад улсын Халимаг үхэр үржүүлэх үндэсний нийгэмлэг, Халимагийн үндэсний их сургууль, хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Буриад улстай хамтран ажиллах талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуйг эрхлэн хөтлөх чиглэлээр холбогдох хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бодлого зохицуулалтын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбар 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг үйлдвэрлэн гаргаж байгаагийн дотор мал аж ахуйн салбараас 87,3 хувийг үйлдвэрлэж байна. Нийт 188,6 мянган малчин өрх 2021 оны жилийн эцсийн байдлаар 67,3 мянган том мал үржүүлж байна. Энэ онд улсын хэмжээгээр нийт 24 сая төл хүлээн авч 90 гаруй сая малтай болсон.
Манай улсын зарим томоохон аж ахуйн нэгжүүд Франц, Герман, Чех, ОХУ, БНХАУ зэрэг улс орноос цэвэр үүлдрийн мах ноосны хонь, сүү, махны чиглэлийн үхэр, сүүний ямаа, хурдан удмын адуу зэргийг импортлон авч малынхаа чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг хийж байна. Үүний нэг нь халимаг үүлдрийн үхэр юм.
Халимаг үүлдрийн үхэр нь Монгол орны эрс тэс уур амьсгалд илүү дасан зохицох чадвартай, тэсвэр сайтай нь батлагдсан төдийгүй үхрийн махны үйлдвэрлэлийг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой болох нь тогтоогдсон.
Сүүлийн жилүүдэд манай махны үхэр үржүүлэх сонирхолтой, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжүүд халимаг үхрийг илүү сонирхох болж ОХУ-ын Буриад улсаас үржлийн халимаг үхрийг импортлон ашиглаж байна. Тухайлбал, Монгол Улсын “Батган-Агро” компани үхрийн махны чанар, гарцыг нэмэгдүүлж, мах, махан бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх зорилгоор ОХУ-аас 2019 онд цэвэр халимаг үүлдрийн 171 толгой үхрийг импортлон авч Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд үржүүлж байна.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын Удмын сангийн үндэсний төв улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд Буриад Улсын үржлийн аж ахуйгаас цэвэр Халимаг үүлдрийн 4 толгой өсвөр бух, 6 толгой өсвөр үнээг худалдан авч тэдгээрээс үржлийн бүтээгдэхүүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэн энэ үхэр үржүүлэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн ажил, үйлчилгээг үзүүлж эхлээд байна.
Цаашдаа Халимаг үүлдрийн үхэр цэврээр нь үржүүлж байгаа ОХУ-ын зарим аж ахуйн нэгжтэй харилцаа, холбоогоо улам бэхжүүлж, дотоодын аж ахуйн нэгж болон Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг холбон өгч хамтын ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй явуулах хүсэлтэй байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илэрхийллээ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.