Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ийн Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлууд хурал өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Бага “АСЕМ” хэмээн нэрлэдэг энэ томохон чуулга уулзалтад 40 гаруй орны зочид төлөөлөгчид оролцож байна. ‘’Эрсдэлд суурилсан, үр дүнд чиглэсэн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад тулгамдаж буй асуудал’’ сэдвийн дор өрнөж буй хурал энэ сарын 7-11-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
ICAO эх газрын 39 орон, хоёр тусгай бүс /Хонг Конг, Макао/ болон Номхон далайн бүсэд тархан байршсан 13 арал улс, нийт 54 орон багтдаг Ази-Номхон далайн бүсийн иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын хурлыг 1963 оноос жил бүр зохион байгуулж ирсэн.
Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын хурлаар ICAO-ын бодлого, түүнд оруулж буй өөрчлөлт, бүс нутгийн хүрээний хэрэгжилтийг хэлэлцдэг төдийгүй тулгамдсан асуудал,шийдвэрлэх арга зам, дэлхий нийтийг хамарсан хөгжлийн төлөвлөгөө, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх туршлага, санал, мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг явуулах зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явагддаг байна.
Тус хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаа, хүрсэн ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлага, салбарын тулгамдсан асуудлыг эерэгээр шийдвэрлэх, Ази-Европ-Америкийг холбосон хамгийн дөт, орчин үеийн техник технологоор тоноглогдсон агаарын замын ашиглалтыг өргөжүүлэх боломж нэмэгдэх юм.
Мөн Монгол Улсыг олон улсад сурталчлах, төмөр замын болон агаарын тээвэр, авто тээврийн үйлчилгээ, зочид буудал, аялал жуулчлал, худалдаа зэрэг дагалдах үйлчилгээг идэвхжүүлэх зэргээр шууд болон шууд бусаар үр өгөөж, ач холбогдолтой юм.