Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 12 захиргаа, 5 аймгийн БОАЖГ, Сав газрын захиргаа Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар сайтай 19 автомашин өнөөдөр хүлээн авлаа.
Эдгээр автомашиныг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгож буй юм.
Уг төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. Төслийн нийт санхүүжилт 32.25 сая евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг олгох ба Монголын Засгийн газраас 4.75 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.