Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан билээ.
Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна.
Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрний бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын угсралтаас гадна үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулж байгаа юм.
Олимпын гүүрийг барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Энэ хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд нийт ажлын явц 95 хувьтай байна.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар