Улс төрийн гол сөрөг хүчин гэгддэг АН-ынхан дотроо зөрчилдөж, тэр нь цааш даамжирч, намын нэр хүнд, үйл ажиллагааг унагаад байгаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Ямартай ч олон нийт АН-ын дарга чухам хэн нь вэ гэдгийг мэдэхгүй байна. Хэдэн удаа ч АН-ын хуралд болж, хэдэн дарга ч сонгогдоод байгаа бүү мэд. Тэдний учраа алдсан энэхүү үйл явдал чухам яагаад эхэлсэн талаар өнгөрсөн сарын 02-ны өдөр Ардчилсан намын их хурлын үеэр С.Эрдэнийг тайзан дээр түлхэж унагаасан Дашзэвэгийн Алтанхуяг ийнхүү ярьжээ.
Тэрбээр ” Ер нь бол зүгээр байж байснаа хүн түлхмээр санагдаад гэнэт тайз руу үсэрч гарчихсан ч хэрэг биш л дээ. Энэ нь Ардчилсан намд болсон сүүлийн хоёр жилийн магадгүй түүнээс ч урт хугацааны үйл явцыг тойрсон асуудал.
Товчхондоо, 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа С.Эрдэнэ тамга тэмдгээ Ц.Туваанд өгч намын даргын сунгаагаа дүрмийн дагуу хийгээрэй гэж үлдээсэн. Намын тамга хадгалагч Ц.Туваан нь намын даргын сунгааг тэр даруй зохион явуулж, хугацаанд нь их хурлаа хуралдуулаагүйгээр барахгүй, дүрмээр олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэр нь явсаар Ардчилсан намыг өнөөдрийн энэ хуваагдмал нөхцөл байдалд хүргээд, 2 талд сунгаагаар 2 шинэ дарга сүүлдээ ч бүр 3 дахь шинэ дарга гэгч сонгодчихсон явж байна. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч тодруулах гэж оролдон, бие биенийхээ эсрэг суулт хүртэл зарлаж, намынхаа нэр хүндийг улам шороотой хутгасан. Ерөнхийлөгчийн сонгууль ч болдгоороо болж Ардчилсан намын нэр дэвшигч түүхэндээ байгаагүй бага хувийн санал авсан. С.Эрдэнэтэй талын нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуульд бүртгэж, оролцуулсан тул би хувьдаа хууль ёсных хэмээн энэ талыг дагасан. Тиймээс ч Эрдэнэ талаас Японд сургууль соёл төгссөн, өндөр боловсролтой М.Тулгат гэж залуу намын даргын сунгаанд ялсныг дэмжиж, түүнийг Улсын Дээд шүүхэд яаралтай бүртгүүлээд цааш яваасай гэж хүсдэг байсан.
Харин С.Эрдэнэ өөрийнхөө талаас сонгогдсон хүнээ өөрөө улайран эсэргүүцэж эхэлснийг ер ойлгодоггүй. Магад М.Тулгатыг өөрийнх нь үгээр явна гэж бодоод тэр нь бүтэхгүй байхаар эсэргүүцэж эхэлсэн байх гэж харддаг.
Тэрхүү намын Их хурлын өмнөх өдөр болсон намын Их хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосон ҮБХ-ны цахим хурлаар зарим гишүүд намын удирдлагын асуудлаа яаралтай шийд хэмээхэд түүний өмгөөлөгч Батбаяр “сонгууль дөхсөн үед солих хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу” ухааны юм дуугарч, ам алдсан. Тэгэхээр нь би тэвчихгүй С.Эрдэнэд хандаж ширүүн шүүмжилсэн ч үгийг маань таслаад хаасан. Үүнийг сонссон манай зарим нэг нөхөд бас үг хэлэхийг хүссэн ч боломж олгоогүй. Биднийг Их хуралд ирж үгээ үргэлжлүүлнэ хэмээн айсан уу яасан маргааш нь надад болон манай нөхдөд мандат өгөөгүйгээс гадна хурлын дарга тэргүүлэгчдийг нь С.Эрдэнэ гуай дураараа өөрчилсөн тухай мэдэгдсэнээс л эхлэн асуудал хурцадсан л даа. М.Тулгат болон бас бус өөр олон хүмүүс үүнийг эсэргүүцэж дүрэм зөрчигдөж буйг хэлэхэд С.Эрдэнэ загнаж, гар хөлүүд нь утга учиргүй хашгирч орилолдон, хувцаснаас нь татаж чангаан, хурлын дарга Эрдэнэсувд гэгч нь асуудлыг сонсохгүй, хэлэлцүүлэхгүй байсан. Би ч мөн санал хэлье хэмээн бараг 15 минут орчим гараа өргөсөн.
Нэгдүгээр эгнээнд С.Эрдэнэтэй их ойрхон байсан тул түүний “Алтанхуяг п….гэж новшийг гарга, энэ хэн юм бэ” гэснийг сонсоод С.Эрдэнийн таван эрх чөлөө гэж улиглан тунхагладаг Ардчилсан намын их хурал дээр ардчилсан дүрмээр нь санал бодлоо хэлэх гээд бүх аргаа хэрэглээд жилд төлөх ёстой 3 сая төгрөгийг нь хэл амгүй төлөөд хууль ёсны намын төлөө явж байсан би ийм үг сонсоод үнэндээ тэвчээгүй л дээ.
Ялангуяа, хурлын үеэр хамгийн их эгдүүцэл төрүүлсэн явдал бол С.Эрдэнэ намын дарга биш, хурлын дарга биш мөртлөө тайзны голд ганцаараа суучихсан намын сонгогдсон дарга М.Тулгатыг үг хэлүүлэхгүй индрээс хөөж буулгасан. Тиймээс би С.Эрдэнийг “чи намын дарга биш, хурлын дарга биш байж тайзан дээр юу хийж байгаа юм бэ, буу” гээд л түлхсэн, түүнээс урьдчилж зохион байгуулж заналхийлсэн зүйл байхгүй. Ер нь АН-ын гишүүдээс гадна Монголын ард түмэн Эрдэнэ гэдэг хүнийг үнэхээр үзэн ядаж байгаагаа тухайн үед сошиал дээр илэрхийлсэн шүү дээ. С.Эрдэнэ бол ичиж зовохыг мэддэггүй үнэхээр Монголын ардчилагчдын аргыг барж байгаа хүн. Түүнээс биш С.Эрдэнэ гэдэг хүнтэй хувийн өш хонзон зангидах ямар нэгэн юм надад байгаагүй. Тийм л үйл явдал болсон. Намын тэр Их хурал ардчилалтай, шударга болсон эсэхэд л асуудал байгаа шүү” гэжээ.
Б.Ирээдүй