Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг Ачуутын гол орчимд малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин илэрсэн талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн байна.
Тухайн голомтын бүсэд байгаа айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлж, 14 өрхийн 4,530 м2 талбай, устгалын цэгийн 120 м2 талбай, бэлчээр 5,300 м2 талбай болон 17 машин техникийг халдваргүйжүүлсэн байна. Мөн голомтын бүсэд байгаа 14 өрхийн үхрийг тусгай зориулалтын ариутгалын бодисоор шүршиж ариутгажээ.
Голомттой буюу сэжигтэй бүсэд наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд 24 өрхийн 1,219 үхэр, 438 тугалд вакцинжуулалт хийсэн байна. Мал, амьтны халдварт өвчин бүртгэгдсэн болон сэжигтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа.
Африкаас гаралтай үхрийн арьс товруутах өвчин нь Монгол Улсад жил гаруйн өмнө анх бүртгэгдсэн байна. Тодруулбал, Дорнод аймагт 2021 оны наймдугаар сард анх илэрсэн тус өвчнийг хяналтандаа авах үүднээс манай улс яаралтай вакцинжуулалтын аян өрнүүлж, ОХУ-аас шаардлагатай тун вакциныг авчирсан байна. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар тус өвчний гол дамжуулагч нь ялаа шумуул бөгөөд тэдний нислэгийн идэвхжилт ихсэхээс өмнө эрсдэл бүхий Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нийт 1,1 сая үхэр сүргийг хамруулахаар төлөвлөж, дархлаажуулалтыг 2022 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс 20 хоногийн хугацаанд зохион байгуулжээ.
Олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин болох үхрийн арьс товруутах нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нилээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм.
Үхрийн арьс товруутах өвчний талаарх Мал эмнэлгийн ерөнхий газраас бэлтгэсэн нэвтрүүлгийг дор орууллаа.