Канадын Торонто хотод өнөөдөр (2017.03.05) дэлхийн уул уурхайн PDAC хурал эхэлж байна. Хурлын ажиллагаа “Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдэвт Монгол илтгэлээр эхэлж, Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж буй алхмууд, хайгуулын шинэ боломжууд, хайгуулын шинэ нээлт, төсөл, хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцэж байгаа юм байна. Тус хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), Монголын хайгуул, уул уурхайн компаниуд оролцож, УУХҮ-ийн сайд, АМГТГ-ын дарга, хоёр улсын элчин сайд болон “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой” компани болон Монголд хайгуул хийж буй компаниуд илтгэл тавих аж.
Монголын хуралд 240 орчим хүн бүртгүүлснээс 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл юм байна. Тэдний дунд Торонтонгийн хөрөнгийн биржид 2017 онд IPO хийхээр төлөвлөж буй “Steppe Gold” компанийн илтгэл багтаж байна. Тус компани Дорнод аймгийн нутаг дахь Алтан цагаан овоо хэмээх газарт лиценз эзэмшдэг Сентерра гоулд компанийн төсөлд хайгуул хийж буй аж. PDAC хурлын хувьд дэлхийн хайгуул, уул уурхайн чиглэлийн хамгийн томд тооцогдох хурал юм.