Монгол уран бүтээлчдийн хийсэн “ТРИО” кино “Laurels” буюу киноны салбарын хэлдгээр олон улсын наадамд сонгогдсоныг илтгэх тэмдэг бүхий навч аваад буй.
Тайландын алдарт SIAM ENTERTAINMENT группын санаачлан хэрэгжүүлдэг, олон улсын ялангуяа Зүүн Өмнөд Азийн бүсийн гол кино наадмуудын нэг болох Thai Film Festival-д энэ жил буюу ковидын дараа маш олон кино ирснээс 30 кино сонгон навч хүртээжээ.
Есдүгээр сард болох наадмын үеэр Солонгос, АНУ, Япон, Итали, Англи, Франц, Люксембург, Польш, Хятад, Бразил, Филиппин, Малайз, Украин, Энэтхэг, Тайланд, Орос, Израиль бас Монголын кино найруулагч, уран бүтээлчид шилдгийн шилдгийн төлөө олон улсын урлагийн дэмжээн дээр өрсөлдөх эрхээ аваад байна.
“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй агуулгыг дэлхийд өгөх зорилготой энэхүү уран бүтээл нь дауны синдромоор дамжуулан монгол, монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах, Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилтот уран бүтээл юм.