Монголын Авто Тээвэрчдийн Нэгдсэн Холбоо (МАТНХ)-ноос ачаа барааны үнийн өсөлт, чингэлэг тээврийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийв. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, ЗТХЯ болон бусад холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байгаа юм.
Монголын авто тээвэрчдийн Соёмбо нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр “Төрийн буруу шийдвэрээс үүдэн хилийн бүсэд чингэлэг тээвэртэй холбоотой асуудал үүссэн. Аливаа улс орны гол хүч, хөгжлийн тулгуур нь тээвэр ложистик байдаг. Үүнд ямар ч хариуцлагатай арга хэмжээ аваагүй учраас өнөөдөр эмх замбараагүй нөхцөл байдал үргэлжилж байна.
Чингэлэг тээвэр нь ачаа барааны үнийн өсөлтөд маш ихээр нөлөөлж байгаа. Нэг машиныг гурав хуваагаад чингэлэгт хийнэ гэдэг нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, дээрээс нь ачаа барааны үнэд маш их нөлөөлж байгаа шүү дээ. Мөн нийт тээвэрчид ажлын байраа алдаж байна. Чингэлэг тээвэр нэрийдлээр Монголын эдийн засагт дарамт үзүүлж буй эдгээр асуудлыг шийдэхгүй бол тээвэрчид том тэрэгтэй жагсана” гэв.
Мөн тэрбээр “Улс орны хөгжлийн 60-70 хувь нь тээвэр ложистикоос хамаардаг. Гэтэл өнөөдөр монголын тээвэр гацаанд орж, нийт тээврийн ердөө 10 хувь нь эргэлдэж байна. Улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлж байгаа. Үүнийг таслан зогсоож, зөв шийдэлд хүрэхгүй бол Монголын эдийн засаг буцаад сэргэхэд хэцүү.
Чингэлэг тээврийн ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж төр засаг худал ярьж, хуурч мэхэлж олон жилийг өнгөрөөлөө. Түүнчлэн коронавирусийн түр горимоор түрий барьж олон жил болсон. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд нийт тээвэрчид хариуцлагатай тэмцэнэ” хэмээн хэллээ.
МАТНХ-ноос дараах шаардлагыг холбогдох албаныханд хүргүүлж байгаагаа хэлэв.
- Задгай тээврийг хуучин горимоор явуулах
- Улс хооронд ачаа тээвэр хийж амьжиргаагаа залгуулж байсан иргэдийн эрхийг хязгаарласан төрийн буруу бодлогыг зогсоох
- 5,700 гаруй тээврийн хэрэгсэл, тэдгээрийн жолоочдод ажлын байрыг буцаан олгох
- Экспортын нүүрс тээвэрт иргэдийн тээврийн хэрэгслийг оруулах
- Гаднын нүүрс тээврийн компаниудад давуу эрх олгохгүй байх зэргийг шаардаж байгаа аж.