Английн Ливэрпүүл хотын нэр сонсогдоход надад бол юуны өмнө алдарт The Beatles хамтлаг санаанд буудаг. Энэ гоё хамтлаг манай үеийнхний шүтээн билээ. Яг хэзээ анх тэдний уянгалаг, цоглог дуунуудыг анх сонссоноо би сайн санадаггүй ч баримжаа бол байдаг юм. Ямартай ч 1971 онд дуунуудыг нь сонсчихсон, хамтлагынхны нэр усыг зүс царайтай нь андуурахгүй болчихсон. Пянзных нь хавтасны зургийг нь хуулж зурдаг. Тэр ч бүү хэл, дуу хөгжмийн өчүүхэн ч авьяасгүй атлаа Oh Girl, Lit it be, Yesterday зэрэг дууных нь ая данг тогтоочихсон байсан гэж байгаа. Яагаад сайн санаж байна гэхээр манай аавын 50 насны ой 71 оны намар болж Эвлэлийн Төв Хорооноос “Аккорд” гэдэг пянз тоглуулагч бэлэглэсэн юм. Энэ тоглуулагчтай болохоосоо өмнө сонсчихсон байсан гэсэн үг. Харин яг хаана сонслоо?
Бодвол өнөөх бацаан Зоригоогийнд байх. (Төрийн шагналт нэрт хөгжмийн зохиолч Хангал, хөгжимчин Зуундарь нарын дүү. Тэд бол орчин үеийн монголын эстрад урлагийн мастерууд, пионерууд юм). Бид 23-р сургуульд сурч байсан. Би 8Б ангид. Манай Хуягаа, Чойжилийн Ганзориг, Байгальсайхан (зураач), Батсайхан нар бол түүнтэй бүр нэг ангид, 8А-д сурч байсан. Өөр айлд, ангийн найз Юндэндоржийн Энхжаргалынд ч бил үү! Аав нь тэр үед Тээврийн Яамны орлогч сайд болчихсон, гадаадад явдаг хүн байсан. Манай Энхжаргалын найз бас Энхээ гэж хүү байсан. Аав нь Польшид Элчин сайдын яаманд ажиллаж байгаад томилолт нь дуусаад ирсэн айл байх, Тэднийд ч магадгүй. (Хагас зуун жил гаруйн тэртээх олон зүйлийг нарийн санахгүй байгааг уучлана уу)
За ингээд пянз тоглуулагчтай болсон үеэс миний төдийгүй манай байрныхны зөвхөн Битлсийн тухай мэдлэг төдийгүй хөгжмийн “боловсрол” эрс өссөн гэж байгаа. Юу гэхээр манай Хуягаа Битлсийн жинхэнэ пянзыг дээрхи хөгжмийн урлагийн мастеруудаас олоод ирдэг байсан. Хуягаа гэдэг маань Монгол Улсын Гавьяат жүжигчин, монгол дуурийн болон эстрадын нэрт дуучин, кино жүжигчин Дулмаагийн Ганхуяг шүү дээ. Бид хар багаасаа хүнсний Нэгдүгээр дэлгүүрийн арын Бага тойргийн 54 айлын орон сууцанд тоглож өссөн юм.
Тэгээд л аав, ээжийн эзгүйд манайд Хуягаа, Байгальсайхан, Батсайхан, Төмөрбаатар (циркийн жүжигчин), Ю.Энхжаргал болон байрныхаа бусад нөхөдтөйгөө пянзаа тавиад л манго татаад л пижигнүүлчихнэ дээ. Сонсголоороо тогтоосон хазгай муруй англи (биш) хэлээр орилолдож өгнө. Гол хүн, “уран сайхны удирдаач” нь мэдээж манай Хуягаа.
Бид, үсээ ургуулчихсан, өргөн трапец өмд өмсчихсөн. Манай Байгаль, Батсайхан, Төөмөө нар нарийн хилэнгээр өргөн өмд, Битлсийн захгүй пиджак оёчихдог, зарчихдаг, сэргэлэн гарууд байсан. Бид бас тамхи татнаа, болоогүй. Аминдаа тэднийг дуурайж байгаа ухаантай, Энэ пянз тоглуулагч бол яг нарийндаа бол миний л өмч байсан. Ах эгч нар томорчихсон, ажил албатай, дүү маань жоохон. Аав ээж хоёр тоох ч үгүй. Тийм учир эзэн нь юмаа мэддэг ёсоор нөгөө тоглуулагчаа л чирээд найз нарындаа, мөн анги сургууль дээрээ пижигнүүлнэ, бид хоёр. Бас болоогүй, энэ хамтлагын тухай үнэн худал нь мэдэгдэхгүй хөөрхөн явган ярианууд шулганалдана. Битлс хамтлаг уг нь бол манайд ирсэн юм гэнэ лээ. Тэгээд онгоцны буудал дээр буугаад хот руу саравчилж хараад, өө энэ чинь жижигхэн хот байна, тоглохоо болъёо гээд нисээд явчихсан юм гэнэ лээ… гэх мэт, ккк. Үнэмшихэд хэцүү ч сонсоход сонин гэж.
Одоо бодоход 60-аад оны сүүлч 70-аад оны эхээр манай улсын гадаад харилцаа үсрэнгүй хөгжиж, Зөвлөлтөөс (Орос) цааш зүүн Европын орнуудад оюутнууд ихээр суралцах болсон тул түүнийг дагаад барууны соёл орж ирж байсан хэрэг. “Фантомас” гэдэг франц кино, мөн Америкийн “Спартак” кино байна. Японы “Зуурдын сэтгэл” гэдэг киноноосоо дуу нь давчихсан нэг кино байх. Эдгээр болон бусад барууны соёлыг, одоогийнхоор бол “зөөлөн хүчний” нөлөөг хамгийн анх хүлээн авч байсан нийслэл хотын тэр тусмаа хотын төвийн хүүхдүүд байсан шиг байна. Эдгээр хүүхэд, залуучууд бол нүүдэлчин малчин монголчуудын суурин соёл иргэншилийн анхдагч үе гэж Баабар бичсэн байх аа.
Ингэж пижигнүүлж байтал аав бид хоёрын дунд нэг ширүүн юм боллоо. Намайг унтаж байхад аав миний үсийг тайрчихаж. Нөгөө Битлсийг дуурайж ургуулсан хайртай урт үсийг минь тайрчихаж! Бөөн уйлаан майлаан! Ээж аавыг загнаад. Хүүгийн урт үс хөөрхөн л зохиж байсан ш дээ, юу нь болохгүй байгаа юмб, хэнхэг өвчтөй намын гишүүн энэ тэрд хүрсэн байх оо! Тэр үед аавдаа мөн ч их гомдож байж билээ л! Аав маань Эвлэлийн Төв Хорооны хариуцлагатай ажилтан байсан болохоор хүү нь “хөрөнгөтний үзэл суртлаас” ангид эвлэлч, нам ч зарчимч байх ёстой байсан байх л даа. Тухайн цагт урт үс, өргөн өмдийг тайрдаг компанит ажил эвлэлийн байгууллагаас, цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг байсан юм. Аав минь хэл аманд өртөхөөс болгоомжилж миний үсийг тайрсан гэж хэзээ хойно хэлж байсан…
Эхнэртэйгээ Ливэрпүүл рүү галт тэргээр довтолгож явахад би үүнийг дурсан бодож явлаа. Өмнө нь 2009 онд хүргэн ах, том эгч, эхнэрийн хамт Манчэстерт амьдардаг эгч дүүсийн хүүхдүүд дээр очиж наадам тэмдэглэж байхдаа уг хотод гэр бүлээрээ амьдардаг Золоо (Zolo Gal) дүүтэй мэнд мэдэж ярихад, өө та ирчихсэн юм уу, тэгвэл дүү нь таны яриад байдаг Битлсийн хот руу чинь ухасхийгээд өгч болж л байна гэж баярлуулав. Ингээд эхнэр бид гурав түүний машинаар яаран давхиж Ливэрпүүл хотоор хальт ороод гарсан бол энэ удаа олон хоногоор тавтайхан зочилохоор манай эхнэрийн дотны найз Болороогийнхоо (Bolor Damdin) урилгаар зочилж яваа нь энэ. Lennon & McCartney houses, Strawberry Field, Penny Line, Cavern Pub, Beatles Museum, Liverpool History Museum, Beatles Memorial Sculptor- ийг үзүүлсэнд баярласнаа дахин илэрхийлье!
Зураач Тодын Отгонбаяр (Лондон)
Эх сурвалж: Sonin.mn