Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг цахимжуулах талаар хэлэлцжээ. Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг цахим системд нэвтрүүлэх ажлыг бид УУХҮЯ-тай хамтран эхлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 13 мянган ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгожээ. Хэн ямар тусгай зөвшөөрөл эзэмшдэг, аль компани хэнд тусгай зөвшөөрлөө худалдсан нь ил тод биш. Зарим жилд 2000 хүртэл тооны тусгай зөвшөөрөл олгожээ.
Цаашид тусгай зөвшөөрлийг ил тодоор, авлига, хүнд сурталгүйгээр олгох ёстой. Энэ онд багтаан и-монгол цахим хуудсаар энэ үйлчилгээг үзүүлдэг болно. Ингэснээр лицензийн далд наймааг зогсоон, хайгуулын, ашиглалтын, олборлолтын хэчнээн тусгай зөвшөөрөл олгосон нь ил болж, тусгай зөвшөөрлийн худалдаанаас татвар авдаг болно гэв.
УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шинэ журмыг боловсруулжээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахад нийт 100 орчим гарын үсгийг төрийн, орон нутгийн байгууллагуудаас авах шаардлагатай байдаг аж. Энэ тоог бууруулах, төрийн хүнд суртлыг бууруулах, ААН-үүдийн цагийг хэмнэх зорилгоор цахимжуулах шаардлагатай гэж салбар яам үзсэн. Гэвч журмыг шинэчлэх ажил багагүй эсэргүүцэлтэй тулгарч, өнөөдрийг хүртэл сунжирчээ.
Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй ААН-үүдийн саналыг үнэлэхдээ үнийн саналыг 70, техникийн саналыг 30 хувиар тооцдог болох юм. ААН-үүдийн сонгон шалгаруулалтад өгсөн үнийн болон бусад мэдээллийг ил тод, нээлттэй болохоор хардлага сэрдэлт ч байхгүй болно.
Шинэчилсэн журмыг ҮАБЗ-өөр хэлэлцэн баталсны дараа хэрэгжүүлж эхэлнэ.