Тус тэмцээнд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараар ахлуулсан С.Ган-од дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ баг, Ц.Батсайхан дасгалжуулагчтай эмэгтэй шигшээ баг эх орноо төлөөлөн оролцож эрэгтэй шатарчид 187 орны 188 багаас 35, эмэгтэй шатарчид 160 орны 162 багаас 15 дугаар байр эзэллээ.
Дэлхийн шатрын олимпиад ангилал бүрийн 1-4 дүгээр ширээний топ 20 шатарчныг шалгаруулж хувийн дүнгээр байр эзлүүлдэг. Тэгвэл хувийн дүнгээр Монголын эрэгтэй шигшээ багийн 3 дугаар ширээнд суусан их мастер Б.Гүндаваа 16, эмэгтэйчүүдийн нэгдүгээр ширээнд их мастер А.Энхтуул 19, гуравдугаар ширээнд олон улсын мастер Т.Мөнхзул 6 дугаар байрт орсон бол дөрөвдүгээр ширээнд тоглосон Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 1 дүгээр байрт бичигдэж алтан медалийн эзэн боллоо.
Мөн Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцсон эрэгтэй 186, эмэгтэй 160 холбооноос нийлбэр дүнгээр Шилдэг 30 холбоог шалгаруулж, Гаприндидвилийн цомын эзнийг тодруулсан бөгөөд Монголын шатрын холбоо 24 дүгээр байрт шалгарч шилдэг 30-д багтлаа.
Үүнээс гадна энэ удаагийн олимпиадад Монгол Улсаа төлөөлөн эрэгтэй ангилалд хоёрдугаар ширээнд тоглосон дэлхийн шатрын холбооны мастер Г.Амартүвшин Олон улсын мастер, эмэгтэй ангиллын гуравдугаар ширээнд тоглосон эмэгтэйчүүдийн Олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэйчүүдийн Их мастер, эмэгтэй ангиллын дөрөвдүгээр ширээнд тоглосон Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул ДШХ-ны Мастер цолны болзол биелүүлэв. Түүнчлэн Дэлхийн шатрын холбооны шүүгч Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолны болзол биелүүллээ.