Нэр бүхий аж ахуй нэгжийн урилгаар Монгол Улсад түр хугацаагаар ажлын болон жуулчлалын ангиллын визээр ирсэн гадаадын иргэд хууль бусаар галт зэвсэг эзэмшиж, ашиглаж ан хийжээ. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр Төрийн тусгай хамгаалалттай газар нутаг зорчсон талаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
Энэ талаар ГИХГ-ын Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат хэлэхдээ “Хууль зөрчсөн энэхүү үйлдлүүдийг прокурорын байгууллагад шилжүүлэн шалгаж байна. Эдгээр иргэн нь энэ оны зургадугаар сард ирсэн. ГИХГ-аас аялах, ажиллах зорилготой гэж виз хүссэний дагуу шалгаад холбогдох ангиллын визийг олгосон юм. Саудын Араб болон Иордон улсын долоон иргэн энэхүү хэрэгт холбогдсон” гэлээ.
Эдгээр иргэнийг оруулж ирсэн ААН-ийг дахин Монгол Улсад гадаад иргэн урих эрхийг хязгаарлах болон зөрчил арилгуулах үүднээс торгож, хуульд заасан бусад арга хэмжээг авахаар болжээ.