Эгнээндээ 200-гаад улсыг багтаадаг НҮБ-д элсэх гэж Монгол Улс 1946-1961 он буюу 15 жилийн турш уйгагүй оролдож, олон саад бэрхшээлийг давж, олон ч хуйвалдааны ард гарч, найман удаа хүсэлтээ илгээсэн байдаг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Антонио Гутеррешийн эх оронд минь хийж буй энэ айлчлал эл байгууллагын босгоор монголчууд алхан орсноос хойших 61 жилд болж буй тав дахь өндөр хэмжээний хүндлэл юм. Тэр тусмаа хэдхэн сарын өмнө тусгаар байсан Украин өнөөдөр дайны хөлд нэрвэгдэж, дөнгөж саяхан эрх чөлөөндөө эрдэж байсан Тайвань гадаад харилцаагаараа боомилуулж, цэнхэр гариг даяар улс төр, эдийн засгийн шинэ хуваарилалт явагдаж буй энэ цаг үед НҮБ-ын дээд төвшний төлөөлөл Монголд зочилно гэдэг бол хамгийн холыг харж, хоёрыг чимээлсэн нүүдэл гэдгийг хэлмээр байна.
НҮБ-аас өдгөө Монголд хүүхдийн хөгжил, цөлжилт, боловсрол, хүний эрх, эрүүл мэнд зэрэг салбарт нийт 17 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нүүдэлчин монголчуудын хувьд зуд хэмээх гамшиг байдгийг хүлээн зөвшөөрч, 2001, 2010 оны хоёр ч удаагийн аймшигт зуднаар НҮБ тусламжийн гараа манайд сунган, олон улс орныг энэ үйл хэрэгтээ татан, 50 сая ам.доллар цуглуулан илгээж байсан бөгөөд үүгээрээ дэлхийг дэлдийлгэж, Азийн Монголыг анхаарлын төвд аваачиж чадсан юм.
Мөн Монголд хөрөнгө оруулагч, хандивлагч орнуудын чуулга уулзалтыг санаачлан эхлүүлсэн. Манай улс НҮБ-ын мандаттайгаар энхийг сахиулах ажиллагаанд 20 жилийн турш цэрэг армийн төлөөллөө илгээж ирсэн. Монгол бол НҮБ-ын индэрт идэвхтэй байдаг, бас эрхэлж чаддаг улс. Тус байгууллагаас 2014 онд Крымийг нэгтгэх асуудлаар, 2022 онд Украины асуудлаар санал асуулга явуулахад манайх тус бүр түдгэлзсэн байр суурь илэрхийлж байжээ.
Монгол Улсаас НҮБ-ын удирдах төвшинд нийт 33 удаа хурал даргалах үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн. Уг байгууллага нь 1963 оноос эхлэн Монголд 1.0 тэрбум шахам ам.долларын буцалтгүй тусламж олгожээ. Мөнгөөр хэмжишгүй хамгийн том ач холбогдол нь тухайн үед тусгаар тогтнолоо баталгаажуулж ядан байсан Монгол Улс НҮБ-д элссэнээр дэлхийн 70-аад оронтой дипломат харилцаа тогтоож, бөмбөрцгийн бөөр тохой болгонд бууриа дугуйлан, Элчин сайдын яамдаа байгуулжээ. За ямартай ч цаг эвгүй, царай алдсан байх үед дэлхийн зүрхэнд Монгол гэдэг улс байгааг сануулан, дэргэдийн хөршүүдэд маань чимээлэн НҮБ Монголд ирлээ, тавтай морил, Монголын сайхан оронд!
Р. Эмүжин