Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын есдүгээр өрөгт манай улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ баг ялагдал хүлээв.
Их мастер А.Энхтуул тэргүүтэй эмэгтэй шигшээ баг олимпиадын зургаадугаарт эрэмбэлэгдсэн Азербайжаны багт 1.5:2.5 харьцаагаар харамсалтай хожигдлоо. Тухайн өргийг дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул өнжжээ.
Есдүгээр өргийн дараа эмэгтэй багийнхан 13 оноотой 11 дүгээр байрт бичигдэж байна.
Харин эрэгтэй баг 2021 оны “Дэлхийн цом”-ын эзэн дэлхийн элит их мастер Я.К.Дудагаар ахлуулсан Польшийн шигшээ багийн эсрэг 1:3 харьцаагаар ялагдал хүлээлээ. Есдүгээр өргийг их мастер Д.Батсүрэн өнжсөн байна. Есөн тойргийн дараа тэд 10 оноотой 62 дугаар байрт бичигдэж байна.
Аравдугаар тойрогт эмэгтэй багийнхан Болгар, эрэгтэй баг Зимбабветай оноолт таарлаа.
Эх сурвалж: Монголын Шатрын холбоо