Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш өнөөдөр манай улсад айлчилна. 11-нийг хүртэл үргэлжлэх энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойгоос гадна Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой болон энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж буй.
Ноён Антониу Гуттереш айлчлалтай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээсэн бөгөөд уг захидалдаа НҮБ дахь Монгол Улсын идэвхтэй оролцоо, хувь нэмэрт талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийх бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон “Бидний нийтлэг зорилго”-ыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах болон бусад олон чухал асуудлаар тогтон санал солилцоно гэдгээ илэрхийлээд байгаа билээ.