Хөтөлийн Цемент, шохойн ТӨХК өнгөрсөн сараас эхлэн цементийн үнийн өсөлтийн эсрэг аян зохион байгуулж, жижиглэнгийн зах зээлд шуудай цементийг орон нутагт 14 мянга, нийслэлд 15 мянгаар борлуулж байгаа. Аян эхэлж байх үед гол барилгын материалын захуудад МАК болон Монполимет компанийн 50 кг-ын ууттай цемент 25 мянган төгрөгөөр, нэг тонн нь 500 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан юм.
Одоогоор Цемент, шохойн ТӨХК-ийн 10 гэрээт борлуулалтын цэг Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймагт ажиллаж, наймдугаар сарын 1-ний байдлаар 3282 хувь хүн, 485 аж ахуйн нэгжид цемент борлуулжээ. Энэ нь нэг худалдан авагч дунджаар 44 уут (2.2 тонн) цемент худалдан авсан гэсэн үг юм. Мөн тус компани жижиглэнгийн зах зээлд зориулан савласан 184 орчим мянган уут цемент борлуулсан байна.
Ингэснээр үнийн өсөлт хэт явагдсан зах зээлд үнэ буурч, МАК болон Монполимет компаниуд 50 кг-ын ууттай цементийг 16-18 мянган төгрөг, нэг тонн цементийг 320-360 мянган төгрөгөөр борлуулдаг болж, үнэ тогтворжиж эхэллээ.
Энэ нь зах зээл дээр цемент тонн тутамдаа 140-180 мянган төгрөгөөр буурсан гэсэн үг юм. Цемент, шохой ТӨХК-ийн цементийг худалдан авсан иргэдийн хувьд энэ хугацаанд хамгийн багадаа 1.8 тэрбум төгрөг хэмнэжээ.
Хөтөлийн Цемент, шохой ТӨХК өмнө нь зах зээлд ууттай цемент борлуулж байсан ч бага хэмжээтэй гарч байснаас болж айл өрхүүдэд хүрч чаддаггүй байсан юм. Иргэд нэг, хоёр тонн цемент авахын тулд алс холоос Хөтөл рүү өндөр тээврийн зардал гаргаж, цаг нар, мөнгөө үрэн ирж, үйлдвэр дээрх ачааллыг ихэсгэж, бухимдал үүсдэг байсан аж. Харин аян хэрэгжиж эхэлснээр бүтээн байгуулалт голлон явагдаж байгаа аймаг, хотын иргэд хямд цемент авах боломжтой болж байна.