Индонез улсад 2022 оны долдугаар сарын 18-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Garuda Canti Dharma-2022” олон улсын энхийг дэмжих сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн мотобуудлагын салаа амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү олон улсын сургуулилалтыг Индонез улсын Зэвсэгт хүчин, “GPOI” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, цэргийн алба хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Бүс нутагтаа томоохонд тооцогдох энэ удаагийн сургуулилалтад Монгол Улс, АНУ, Индонез, Шри Ланка, Фижи, Бангладеш, Малайз, Тайланд зэрэг найман орны цэргийн алба хаагчид оролцож, ажиллагааны газар оронд баазын харуул, хамгаалалтыг зохион байгуулах, явган эргүүл, цувааны хамгаалалт, энгийн иргэдийг хамгаалах, хүч хэрэглэх дүрэм, бэлгийн хүчирхийлэл, эмэгтэй хүний хамгаалалт, бүслэн нэгжих ажиллагаа, хүмүүнлэгийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шалган нэвтрүүлэх цэг, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, өвчтөнийг татан гаргах зэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үндсэн үүргүүдийг гүйцэтгэж, онол, дадлагаар хослуулан бататгасан байна.
Сургуулилалтад оролцогч салааны дайчдын онцлог нь Монгол Улсад 18 дахь жилдээ зохион байгуулагдсан “Хааны эрэлд-2022” энхийг дэмжих олон улсын сургуулилалтад бүрэлдэхүүнээрээ оролцсон, энхийг дэмжих ажиллагаанд 85 гаруй хувь нь үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байв. Тийм ч учраас олон улсын хэвлэлүүдээр монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлт, туршлага, ур чадвар, оновчтой шийдвэр гаргах байдал нь сайн байгааг цохон тэмдэглэж, өндрөөр үнэлсэн байдаг.
Оролцогч орнуудын цэргийн алба хаагчийн нөхөрлөлийг бататгах зорилгоор зохион байгуулагдсан соёл хүмүүжил, спортын тэмцээнд ч монгол цэргүүд манлайлсан байна. Найман орны салаадын дайчидтай өрсөлдөөд гар бөмбөгийн төрөлд алт, сагсан бөмбөгийн төрөлд мөнгө, эмэгтэй цэргийн алба хаагчдын дунд явагдсан буухиа тэмцээнд алтан медаль тус тус хүртэж, эх орон, Зэвсэгт хүчнээ олон улсад сурталчиллаа хэмээн Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.