Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын гаргасан нийт долоон бондын бүх зарцуулалтыг шалгах Ажлын хэсэг байгуулахаар болжээ. Энэ шийдвэр нь сүүлийн үед яригдаад байгаа Монгол Улс дефолт зарлана гэх мэдээлэлтэй холбоотой бөгөөд Ажлын хэсгийг ахалж байгаа Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өгөөд “Монгол Улсад ойрын гурван жилд өр зээлтэй холбоотой дефолт зарлах нөхцөл үүсэхгүй” гэдгийг онцоллоо.
2012 оноос хойш Монгол Улс нийт 7 удаа бонд гаргасан. Үүнээс нийт 5.2 тэрбум ам.доллароос зөвхөн “Чингис” бондоор л төсөл арга хэмжээ санхүүжүүлжээ. Түүний дараагийн хоёр удаагийн бондоор төсвийн алдагдлыг алдагдлыг санхүүжүүлсэн бол үлдсэн бондоор өмнөх бондуудын өрийг дарсан талаар Б.Жавхлан сайд тайлбарлалаа.
“Анх гаргасан бондуудын зарцуулалт эдийн засгийн үр өгөөжгүй, валютын нөөцийг нэмэгдүүлж чадаагүй тул дараагийн өр тавьж төлөхөөс өөр аргагүй.
Зээлжих зэрэглэлийг үнэлдэг гурван том агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бүгд өмнөх жилийнхэд хэвээр үлдээсэн нь манай улс зээлийн менежмент сайн хийснийг харуулж байгаа.
Мөн манай бондуудын өгөөж хөрөнгийн зах зээлд ижил үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн сайн байгаа. Өрийн асуудал өөрөө их эмзэг. Дэлхий нийтээрээ сорилтын үед байгаа энэ үед гадна талд эергээр үнэлж байхад дотооддоо ингэж ярьж байгаа нь олон нийтийг турхирч байгаа бөгөөд үүнээс болгоомжлох хэрэгтэй.
Тиймээс Ажлын хэсэг “Чингис” бондын бүх өр төлбөрийг, хаана яаж санхүүжүүлж, өнөөдөр ямар эрсдэл бий болгосныг ил тод гаргах болно. 1.5 тэрбум ам.долларын 50 гаруй хувь нь өнөөдөр Хөгжлийн Банкан дээр чанаргүй зээл болсон байгаа. Шалгалтын мөрөөр дараа долоо хоногоос мэдээлнэ” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.