ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчид түүнээс зарим асуудлыг тодруулсан юм.
Нийтлэлч Баабарын дээрх жиргээнд нүүрсний экспортын хэмжээ 50 хувиар буурсан гэсэн байсан. Энэ үнэн үү? гэсэн сэтгүүлчийн асуултанд:
Баабар гуайд хаяглан хэлэхэд, Олон улсын хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд захиалгаар сэвтүүлэх үйлдэл битгий гаргаач ээ. Засгийн газраас ямар нэг суртал ухуулгад чиглэсэн нэвтрүүлэг захиалж хийлгээгүй.
Баабар нийтлэлч Экспортын нүүрсний хэмжээ 50 хувиар буурсан гэх агуулга дурдсан. Та бүхэн Гаалийн ерөнхий газрын вэб сайтаас 2022 оны 6, 7 дугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээг эргэн хараарай.
2019 оны оргил үеийнхийг давсан хэмжээний нүүрсийг өнөөдөр экспортолж байна. Наймдугаар сарын 3-ны өглөөний мэдээгээр Гашуунсухайтын боомтоор өчигдөр 558 тээврийн хэрэгсэл, Ханги Мандалын боомтоор өчигдөр 228 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэнгээр 80 орчим тээврийн хэрэгсэл нүүрс БНХАУ руу гарсан гэсэн мэдээ ирсэн. Бид өглөө бүхэн боомтуудыг мэдээг харж, холбогдох арга хэмжээг авч ажилладаг.
Олон улсын харилцаа тогтворгүй байгаа энэ үед бид нэг бодлого, зорилготой байх ёстой. Улс орноо дампуураасай гэсэн хандлагаар ажиллаж болохгүй байх гэдгийг хэлье гэлээ.