“Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий зарим иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой ташаа мэдээлэл нийтэлсэн нь иргэдэд компанийн үйл ажиллагааны талаар буруу ойлголт төрүүлэхүйц байгаа тул дараах тайлбарыг хүргүүлж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2017 оноос эхлэн нүүрс худалдан авагч компанийг “Нээлттэй сонгон шалгаруулалт”-ын зарчмаар сонгон шалгаруулж, гэрээний барьцаа төлбөр болон урьдчилгаа төлбөр төлсөн худалдан авагч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
Нүүрс худалдан авагч компаниудтай гэрээ байгуулах явцад гэрээний барьцаа төлбөр төлүүлэх, урьдчилгаа төлбөр төлүүлэх болон гэрээний хэрэгжилтийг хангуулахтай холбоотой албан харилцаа үүсдэг бөгөөд бүх худалдан авагч омпаниудтай байгуулж буй гэрээний үйл ажиллагаа нь ижил зарчмаар, хуулийн дагуу, нээлттэй, ил тод явагддаг болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос нээлттэй, шилэн компани болох зорилтыг дэвшүүлэн www.ett.mn вэб сайтад сонгон шалгаруулалтад оролцож буй компаниудаас ирүүлсэн үнийн санал, шалгарсан компанийн мэдээлэл, гэрээний хугацаа, үнэ, хэмжээ зэргийг нээлттэй байршуулдаг болсон.
Нийтэд ил тод, нээлттэй байгаа уг мэдээллийг гуйвуулан иргэдийг төөрөгдүүлж, компанийн нэр хүндэд халдаж буй тул дээр дурьдсан цахим сүлжээнд нийтэлсэн хуралдан авагч компаниудтай холбоотой мэдээлэл нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Иргэд, хувьцаа эзэмшигчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг компанийн цахим хуудас, 1800-1072 лавлах утас, и-мэйл “1072 хувьцаа мэдээллийн төв”-өөс авахаас гадна компанийн төв оффист ирж мэдээлэл авах боломжтой” гэжээ.