Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Испани Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яамны Хойд Америк, Зүүн Европ, Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Хавиер Салидог өнөөдөр хүлээн авч уулзав.
Тэрбээр уулзалтын үеэр Монгол-Испанийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн тэлэхэд хоёр талын яриа хэлэлцээ тухайлбал, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэй гэдгийг онцлов.
Ерөнхий захирал Х.Салидо 7 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллаж, ГХЯ-тай улс төрийн зөвлөлдөх уулзалт, эдийн засаг, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албаны төлөөлөгчидтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.