ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа элгэний вируст гепатитын эмчилгээ, оношилгооны талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дэлхий дахинд элэгний өвчлөлтэй хэрхэн тэмцэх талаар ДЭМБ-аас тодорхой дөрвөн чиглэл гаргасан. Үүнийг дахин онцолж хэлэхэд шинээр иргэдэд учрах халдварын арга зам, асуудлуудыг хааж 90%-аар бууруулах, нэгэнт халдварлагдсан иргэн байх юм бол нийт иргэдийнхээ 80 болон түүнээс дээш хүртэлх хувийг эмчилгээнд хамруулах. Ингэснээр элэгний В, С, Д вирусээс үүдэн гардаг элэгний хатуурал болон хавдар өвчний нас баралтыг 65 хүртэл хувь бууруулах зорилтыг 2030 он хүртэл дэлхий дахины стратеги болгон тавиад байна.
Манай улсын хувьд энэхүү стратегийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд 2017-2020 онд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлснийг бид бүхэн мэдэж буй. Энэ хөтөлбөр нь монгол хүнийг гепатит вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нас баралтад хүргэдэг шалтгааныг бууруулах зорилготой юм.
Дөрвөн жил хэрэгжүүлсэн уг хөтөлбөрийн хүрээнд гепатитын В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд Монгол Улсын 15-аас дээш насны 1.2 сая орчим иргэнээс 1,180,220 иргэн хамрагджээ. Эдгээрээс 7.8%-д гепатитын В, 9.3%-д С вирусийн халдвар илэрсэн. Элэгний вирусийг оношилсны дараа халдвар илэрсэн иргэдийг хяналтад авч, эмчлэх нь нэн чухал асуудал байв.
2015 онд практикт шинээр үр дүнтэй нэвтэрсэн С вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, В, С вирусийн эсрэг эмийг өвчтөнд хүргэх, санхүүгийн хүндрэлгүй оношлуулах, эмчлүүлэх асуудлыг ЭМД-ын хөнгөлөлтөд оруулснаар 29,729 иргэнийг гепатитын С вирусийн эсрэг, 22,466 иргэнийг В вирусийн эсрэг эмчилгээнд хамруулсан амжилттай хөтөлбөр болсон.
Харамсалтай нь өнгөрсөн хоёр жилийн ковидын цар тахлын улмаас хөтөлбөрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, тухайн үед оношилгоо, эмчилгээнд орсон байсан иргэд тогтвортойгоор хяналтаа хийлгэх ажил саатсан бэрхшээл учирсан.
Гэсэн ч “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаж байна. Хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь хэнийг ч орхихгүйгээр оношилгоо эмчилгээнд бүрэн хамруулах юм. Үүнээс гадна эмчилгээ, оношилгооны дараах хяналт чухал байгаа учир эрүүл мэндийн салбарт эрчтэй явагдаж буй цахим шинэчлэлтэй уялдуулж, тухайн иргэн өөрт ойр анхан шатны эмнэлэгт очиход бүртгэл, оношилгоо зэрэг бүх зүйл нь тодорхой, эмчилсний дараа тэндээ хянагдах боломжийг хангахаар зорьж байна.
Ингэснээр элэгний дельта вирусийн халдвартай иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын түвшинд хүргэх Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг биелүүлэхтэй уялдаж байгаа юм.
Одоо эхлүүлэхээр бэлтгэгдэж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шатны гол онцлогийг хэлье.
Өмнөх хөтөлбөрт хамрагдсан иргэдийн эмчилгээний дараах хяналтыг сайжруулах, тогтворжуулах, бүртгэл мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох
Дельта вирусийн халдварын оношилгоог шинээр хийх
Дельта вирусийн халдвар оношлогдсон иргэдийн 50-аас дээш хувийг эмчилгээнд хамруулах
Оношилгоо, эмчилгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх, оношилгоонд шаардлагатай урвалж, дэлхийн жишигт нийцэж буй чанартай сайн эмийн зохицуулалтыг хийх, орчин үеийн эмүүд өндөр өртөгтэй тул олон улсын байгууллагууд болон үйлдвэрлэгчидтэй хамтран иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр хүргэх бодлогын баримт бичиг боловсруулах бэлтгэл ажил хийгдэж байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь үе шатны хамгийн гол онцлог нь сум, өрхийн эрүүл мэндийн төв болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг чадавхжуулж, иргэд эдгээр эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой болгоход анхаарна” хэмээн ярилаа.