Малайз улсын Куала Лумпур хотод энэ сарын 24-28-нд Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ийн 25 дахь жилийн уулзалтад Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан холбогдох байгууллагуудын төлөөллийн хамт оролцож байна.
ФАТФ-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, өөрийн ‘Зөвлөмж 15’-д мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн билээ. Монгол улс ФАТФ-ын ‘Зөвлөмж 15’ (Шинэ технологи)-ын үнэлгээг ахиулах хүрээнд АНДМУТБ-т Дахин үнэлгээний тайлан, тодруулгыг тухай бүр хүргүүлж, техникийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажилласан. Тухайлбал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх, инновацийг дэмжсэн, эрсдэлийг бууруулахуйц тогтолцоог бий болгох чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг виртуал хөрөнгийн салбарт үндэсний хэмжээнд үнэлэх, журам зааврыг боловсруулж батлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд олон нийтийн анхаарлыг хандуулах, мэдлэгийг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.
Өчигдөр АНДМУТБ Монгол улсын Дахин үнэлгээний тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, батлав. Хуралдаанаар Дахин үнэлгээг Зөвлөмж 15-ын хүрээнд танилцуулж, ‘Зөвлөмж 15’-аар Монгол Улсыг 2021 онд үнэлсэн ‘хагас хэрэгжсэн’ үнэлгээг ‘дийлэнх нь хэрэгжсэн’ болгон ахиулав. Энэ зөвлөмжийн ахисан үнэлгээ баталгаажсанаар Монгол улс ФАТФ-ын 40 зөвлөмжийн 39-ийг нь “бүрэн хэрэгжүүлсэн” болон “дийлэнхийг нь хэрэгжсэн” үнэлгээтэй болж дээшиллээ.
Монгол улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зохистой зохицуулалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаа АНДМУТБ-ийн гишүүн орнуудад танилцууллаа.
АНДМУТБ-ийн дарга Иан Маккартни Хорооны дарга Д.Баярсайхан болон бусад байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, цаашид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.