Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 оноос боловсруулж, 1963, 1971, 1986, 2002, 2013 онуудад шинэчлэн баталж, дагаж мөрдөж ирсэн бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 2002 онд анхлан баталж, 2014 онд тодотгожээ.
“Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г 2022-2036 онд нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хилийн заагийг тодотгоод зогсохгүй эдэлбэр газар, дэд бүтцийн зохион байгуулалт ойлгомжтой болж, хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн зохион байгуулалт ч тодорхой болох юм.
Түүнчлэн Улаанбаатар хотын эдэлбэр газар дахь агаар, газар, хөрс, усны бохирдол, доройтлыг бууруулах инженерийн бэлтгэл хийх, шугам сүлжээ, байгууламж барих газрын байршил тодорхой болж, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, хориглолтын бүсийн хил заагийг тогтоож, тэмдэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаас шинэчлэн боловсруулсан ерөнхий төлөвлөгөөг чамбайруулан нягтлахыг төлөвлөгөө боловсруулсан багийнханд үүрэг болголоо. Тус төлөвлөгөөг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр хурлын тэмдэглэлд тусгалаа.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР