Олон улсын шинжээчид Шри Ланкийн хямралыг Ерөнхийлөгч асан Ражапакса, түүний гэр бүлийн авлигаас үүдэлтэй гэж үзэж байна.
Бие даасан судлаач Майкл Ровандын FP-д нийтэлсэн судалгааны материалд үндэслэн ийнхүү бичиж байна. Шри Ланк Их Британийн мэдэлд байх үед Дон Дэвид Ражапакса (1947-1965) парламентийн гишүүн, дарга байсан бөгөөд түүний хүү Махинда Ражапакса (2005-2015), Готабая Ражапакса (2019-2022) нар Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв. Ражапаксагын гэр бүлийн 50 орчим нь төрийн өндөр албан тушаал хашиж байв. Бараг бүхэл зууны турш эдний гэр бүл тус улсын улс төрийн эрх мэдлийг ноёлж байсны гол шалтгаан нь ил шахуу явагдаж байсан авлигын хүч юм.
Хятад, Шри Ланка хоёр улсын олон жилийн харилцаанд Ражапаксагын гэр бүл гол үүрэгтэй байлаа. Шри Ланкын эрх баригчид Тамилчуудад харгис хэрцгий хандан, ялгаварлан гадуурхаж хүчирхийлэн хавчиж байсныг эсэргүүцэн тэмцэхээр “Тамилын чөлөөлөх бар” гэх зэвсэгт бүлэглэл байгуулагдсан бөгөөд 2000-аад оны тэдний тэмцлийг Махинда Ражапакса Хятадын зэвсгийн тусламжтайгаар нухчин даржээ. Тэр үед түүний ах Готабая Ражапакса Ерөнхийлөгч харин Махинда Ражапакса Батлан Хамгаалахын сайд байсан юм.
Шри-Ланкийн зэвсэгт хүчин “Тамилын чөлөөлөх бар” бүлэглэлийн эсрэг хүнд зэвсэг хэрэглэж, харгис хэрцгийгээр нухчин дарах гэж буй үйлдлийг НҮБ энгийн иргэдийн эсрэг хүнд зэвсэг хэрэглэхийг буруушаан, урьдчилан сэрэмжлүүлэх мэдэгдэл гаргах гэж байгааг Хятад болиулж чадсан байдаг. Мексикээс НҮБ-ын албан ёсны хэлэлцэх асуудлын жагсаалтад Шри Ланкийг оруулан хэлэлцүүлэхийг оролдоход Хятад мөн л зогсоосон. Ингээд ялагдсан Тамилчууд Шри Ланкаас зугтсан байдаг.
Махинда Ражапакса Ерөнхийлөгч болох үедээ Хятадад зэвсгээр тусалсанд нь талархал илэрхийлэв. Хятадын хөрөнгө оруулалт зөвхөн Шри Ланкын сайн сайхны төлөө бус Ражапаксагийн гэр бүлд зориулагдаж байлаа. Хятадын удирдагчид иргэний нийгэм болон олон нийтийг үл тоомсорлон, элитүүд болон тэдний гэр бүлийнхэнтэй шууд харилцаа тогтоохыг эрмэлздэг байна. Элитүүдийг олзолдог тэдний арга барилын нэг жишээ нь Папуа Шинэ Гвинейн удирдагчдад хандаж буй байдал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин халуун дотноор хүлээн авч буй зэргээс мөн л харагдаж байгаа юм. Олзонд орж буй улс орнуудын эдийн засгийн хэмжээ, бүтэц удирдагчдын эд хөрөнгө, эрх мэдлийн шунал Хятадад таатай боломжуудыг бий болгодог аж.
Жижиг орны эдийн засгийн эмзэг байдлыг Хятад ашигладаг
Жижиг орны эдийн засгийн эмзэг байдал Хятадад олзлогддог бөгөөд олон улсын түншүүдтэйгээ харилцахдаа автократ дэглэмийг(Ардчилсан дэглэмийн төлөө тэмцэж байсан улс орнууд авторитар дэглэм рүү улам бүр хазайж байна. Дэлхий дахины дэг журам туйлдаа хүрэх дөхөж байгаа бөгөөд хэрэв дэлхийн ардчиллыг хамгаалагчид хүмүүсийн эрх чөлөөг баталгаажуулахын тулд хамтран ажиллахгүй бол авторитар дэглэм давамгайлах болно гэж Freedom House судалгаанд онцолжээ) сурталчлахыг эрмэлзэж байдаг.
Хятадын засгийн газар Шри-Ланкийн өмнөд хэсэгт байрлах Маттала Ражапакса олон улсын нисэх онгоцны буудал зэрэг олон төслүүдийг Хятадын банкны өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлж, алдагдалтай ажиллах байсан ч, өгөөжгүй байсан ч, өрөнд оруулах хоосон төслүүдийг санал болгосноор Ражапаксагийн гэр бүлтэй харилцаагаа хөгжүүлсэн. Эдгээр төслүүдийн ихэнх нь 2013 онд “Бүс ба Зам” санаачилга хэрэгжиж эхлэхээс өмнө оруулсан байдаг. Гэвч Ражапаксагийн гэр бүлд Хятадын хөрөнгө оруулалт “Бүс ба Зам” санаачилгын үед бүүр ч их өссөн. Махинда Ражапаксагийн 2015 оны сонгуулийн кампанит ажлын үеэр хамгийн багадаа 7.6 сая ам.долларыг Хятадын төрийн өмчит корпорацаас шууд Ражапаксагийн сонгуулийн сурталчилгааны зардалд зарцуулсан байдаг.
Ражапаксаг дэмжигчдэд “бэлэг” өгөхийн тулд хэдэн зуун мянган доллар зарцуулсан. Шри Ланкад суугаа БНХАУ-ын Элчин сайд Ражапаксаг сонгохыг сонгогчдод нь ил тодоор сурталчилж байв. Ражапакса зугтсаны дараагаар эдгээр мэдээлэл тодорхой болж байна. Ражапакса нэртэй дэд бүтцийн төслүүдэд зориулж Хятадын банкуудаас их хэмжээний зээл авч зээлээ төлж чадахгүй болохоороо Ражапаксагийн гэр бүлийн төрөлх хотын ойролцоох боомтыг 99 жилийн хугацаатай түрээслэхийг Хятадад санал болгожээ. Эдгээр нь зөвхөн арилжааны зорилготой байсангүй. Шри-Ланкийн албаны хүмүүс хятадын түншүүдтэйгээ боомтын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцэх үед Хятадын албаныхан боомтыг эзэмших нь тагнуулын мэдээлэлд стратегийн ач холбогдолтой гэж илэн далангүй хэлжээ.
Бичсэн Б.Булгамаа