Улаанбаатар хотод өнөөдөр түр зуур орсон усархаг, ширүүн борооны улмаас зарим газруудад үер бууж, үерийн ус замын зорчих хэсгийг даваад байна.
Тухайлбал, Эмээлт орчимд үерийн ус авто замыг даваад буйтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэж ажиллаж байгаа юм.
Энэ талаар тус албанаас “Сая богино хугацаанд орсон их хэмжээний усархаг борооны улмаас Эмээлт орчмын замын зорчих хэсэг дээгүүр их хэмжээний ус хальсан байна. Иймд иргэд Улаанбаатар хотоос гарч байгаа тохиолдолд замын зорчих хэсэгт үерийн усны түвшин багасах хүртэл ус руу орохгүй байхыг анхааруулж байна.
Учир нь сая үерийн ус руу орсон нэг суудлын автомашин урсаж, замын цаад руу унах шахсан. Одоогоор Портер маркийн автомашин үерийн ус руу орж, хөдлөх боломжгүй болоод байна.
Зарим иргэд цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй, үерийн ус руу автомашинтайгаа орох тохиолдол гарч байна. Улаанбаатар хот руу орж ирж байгаа иргэд Эмээлт орчмоор бус 61-ийн гармаар гараад, Баруун турууны даваагаар давах боломжтой.