[starbox]
Хятадад сүүлийн үед өндгөн эсээ гадны оронд хадгалуулчихаад, эх орондоо карьераа үргэлжлүүлдэг гэрлээгүй эмэгтэйчүүдийн тоо нэмэгджээ.
Эдгээр эмэгтэйчүүдэд нэг нийтлэг зүйл ажиглагдаж байгаа нь бүгд сайн боловсрол эзэмшсэн, муугүй орлоготой, гэрлэснээс ганц бие байхыг илүүд үздэг байна. Энэ бол өдгөө Хятадын нийгэмд гарч бус томоохон өөрчлөлтийн нэг юм. Гэвч Хятадын хууль тогтоомж энэхүү өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн бус байгаа аж.
Гэрлэх, хэн нэгэнтэй хамтран амьдрах бодолгүй залуусын тоо нэмэгдэж байгаа нь дэлхий дахинд төдийгүй Хятадад ч ажиглагдаж буй нийтлэг үзэгдэл болжээ. 2015 онд Бээжин “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоос татгалзаж, гэр бүлүүдэд хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн билээ. Гэвч карьер хөөж, гэр бүл төлөвлөлтийг хойшлуулах хандлагатай болсон эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг дэмжих талаар ямар нэгэн зүйл хийсэнгүй.
Хятадад гэрлээгүй эмэгтэйчүүдийг өндгөн эс хөлдөөж хадгалдаг компанид хандахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл ийм эрэлт хэрэгцээтэй эмэгтэйчүүдийн тоо асар ихээр нэмэгдэж байна. Үүнээс гадна тус улсад үргүйдлийг эмчлэх хатуу хязгаарлалт ч урьдын адил үргэлжилсээр байгаа юм.
“Би хүүхэдтэй болно гэдэгтээ итгэл төгс бус байна. Гэхдээ би өндгөн эсээ хөлдөөж, ирээдүйд сонголт хийх боломж гаргаснаар цаг хугацааг хожиж байгаа юм” хэмээн Бээжингийн иргэн, өдгөө 40 настай Зет бүсгүй ярьжээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард Лос-Анжелест өндгөн эсээ хөлдөөлгөсөн байна. Түүний тухайд “Би амьдралынхаа бүх зүйлийг хяналтдаа байлгаж чаддаг. Би юунаас ч хараат бус байдагтаа аз жаргалтай байна” хэмээжээ. Зет гадаадын компанид маркетингийн менежерээр ажилладаг бөгөөд кино, уран зурагт дуртай.
Түүн шиг ийм олон эмэгтэйд өндгөн эсээ хөлдөөнө гэдэг даатгалын нэг хэлбэр болж буй юм. Яагаад гэвэл тэдний хүсэл сонирхол өөрчлөгдөх л юм бол өндгөн эсээ эрт орой хэзээ ч ашиглаж болно гэсэн үг.
Эхлээд ажил, карьер
Өндгөн эсээ хөлдөөж хадгалуулснаар Хятадын идэвхтэй ажил эрхлэгч бүсгүйчүүд мэргэжлийн зорилгодоо хүрэх цаг хугацааг худалдаж авсантай адил юм.
26 настай Цзя өдгөө залуу бүсгүй ч өндгөн эсээ хөлдөөж, ирээдүйд заяаны ханиа олоогүй байсан ч хүүхэд төрүүлэх боломжоо хадгалахаар төлөвлөж байна. Тэрбээр “Ажил бол амьдралын чухал хэсэг. Би орлогоо тодорхой түвшинд хүрсэн гэдэгтээ итгэлтэй болох ёстой” хэмээн ярьжээ. 40 настай Чжаны хувьд гэр бүлтэй болохыг олон жилийн турш хүсч байгаа юм. Тэрбээр “Таарч тохирох хүн олоход хэцүү юм. Эрчүүд өөрсдөөсөө залуу эмэгтэйчүүд хайдаг. Яагаад гэвэл тэд хүүхэдтэй болохыг хүсдэг” хэмээжээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Тайваньд өндгөн эсээ хөлдөөлгөж хадгалуулсан байна.
1978 онд Хятадад эдийн засгийн шинэчлэл хийгдсэнээс хойш цалингийн түвшний асар их ялгаа гарч ирсэн юм. Өмнө нь бараг бүх хүн ижил орлого, нийгмийн статустай байсан бөгөөд тухайн үеийн эцэг эхчүүд байр, орон сууц авах шаардлагагүй, цаанаас нь хуваарилдаг байжээ. Тиймээс ханиа сонгохдоо боловсролын түвшин, цалин зэрэг олон хүчин зүйлсийг харгалзах шаардлагагүй байв.
Хятадад эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхийг ёс зүйн хариуцлага гэж тооцдог. Тиймээс бусдын хүүхдийг өсгөх бус, өөрсдөө төрүүлэхийг чухалчилдаг байна.
Гэрлээгүй эмэгтэйчүүдийн асуудал
Нийт хэчнээн эмэгтэй өндгөн эсээ гадны орнуудад хөлдөөж хадгалах үйлчилгээ авсныг тооцоолоход хэцүү. Гэхдээ сүүлийн үед энэ асуудлыг Хятадын олон нийтийн сүлжээгээр их хөндөх болжээ.
Бүсгүйчүүд ихэвчлэн үнэ хямдтайгаар Тайвань, Камбожийг зорьдог байна. Гэхдээ 15-20 мянган ам.доллараар ийм үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын үнэтэй эмнэлгүүдийг зорих нь ч цөөнгүй. Үүнд нислэг, зочид буудал, биоматериалыг цаашид хадгалах зэрэг зардал багтаагүй юм.
Өндгөн эсээ ирээдүйд ашиглахаар хадгалж болдог тухай хятад эмэгтэйчүүд 2015 оныг хүртэл мэддэггүй байв. Харин Хятадын нэрт жүжигчин Сюй Цзинлэй энэ талаар ярьснаар нийгэм даяар мэддэг болжээ.
Гэхдээ CCTV төрийн сувгийн мэдээлж буйгаар хуульд гэрлээгүй хятад эмэгтэй нөхөн үржихүйн ийм технологиудыг ашиглахыг хориглодог гэнэ. Тэгсэн хэрнээ хятад эрчүүдийг гэр бүлтэй эсэх, эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалахгүйгээр эр бэлгийн эсээ хөлдөөж хадгалуулахыг зөвшөөрдөг байна.