Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж, Г.Шийлэгдамбад 5,1 жилийн хорих ял оноожээ. Г.Шийлэгдамбад авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял өгч, Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн, “Метро нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж, улсын яллагч ял төлөвлөсөн юм.
Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын яамны сайдаар ажиллаж байх үед нь 2015 оны 11-р сард ажлын өрөөнөөс нь АТГ-ынхан баривчилан шалгаж байсан билээ. Тэрбээр 500 сая төгрөгийн авлигын хэрэгт буруутгагдаж буй юм. Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх хэргийн шүүгчээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, З.Болдбаатар нар оролцож байна.